Х.Нямбаатар: Зайсангийн үнэтэй хаус хорооллоос татвар авна
Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсгийн “дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно” гэснийг “Нийслэл нь гадаад үнэт цаасыг нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөнд туссан, Засгийн газраас зөвшөөрсөн томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргаж болно” гэж нэмсүгэй хэмээн тусгасан байна.
Тус хуулийн зүйл заалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бондын ашиглалт болон Улаанбаатар хотын орлогын боломжийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэлбэ дэд төвийг барьж байгуулснаар 701 га газар чөлөөлөгдөнө. Тус газрыг барилгын компаниудад худалдан борлуулж бондын өрөө төлнө. Хэрэв бонд маань ногоон байвал Засгийн газрын хүүгээс хоёр хувь бага байна. Төгрөгөөр бонд гаргасан тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид сонирхохгүй гэдгээ илэрхийлсэн. Улаанбаатар хотын ихэнх үл хөдлөх хөрөнгө 2000-аад оны өмч хувьчлалын үед бичигдсэн үнээр татвар төлөгддөг. Мөн үл хөдлөх хөрөнгийн бүсчлэлийг эргэж харна. Зайсан, Богд уулын ам бүрд үнэтэй хаус хороолол боссон. Газрын зориулалт нь аялал жуулчлалын отог нэртэй. Эдгээрийн үл хөдлөх хөрөнгийг тооллогод хамруулж татвар авахаар төлөвлөж байна” гэв.