|

Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэхийг уриалж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замын цас мөсний цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотойгоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэгт орон нутгийн өмчит нэг, хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгж зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байна. Тодруулбал, ТЦҮ ОНӨААТҮГ 166,640 ам метр, бусад долоон аж ахуйн нэгж 1,076,475 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Харин Чингэлтэй дүүрэгт хувийн хэвшлийн хоёр аж ахуйн нэгж 1,242,115 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж буй. Тус дүүргийн хувьд авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгасан бөгөөд явган зам, замын нуухны цэвэрлэгээг гүйцэтгэх ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү тухайн дүүргүүд дэх томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөлөлтэй уулзан, орчны 50 метр талбайн цэвэрлэгээгээ тогтмол хийх, цэвэрлэгээнээс гарсан цас мөсийг яаралтай тээвэрлэх шаардлагатайг сануулж байлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Хот, нийтийн аж ахуйн ажил дүүргүүд рүү шилжсэнтэй холбогдуулан аль болох богино хугацаанд ажлаа жигдрүүлэхийг хичээж байгаа. Одоогоор төв зам болон өгсүүр, уруу замуудын халтиргаа гулгааг арилгахад анхааран ажиллаж байна. Гэр хороолол дундах засмал замын цэвэрлэгээг “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ хариуцаж буй. Зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хүний нөөцийн дутагдал их байна. Тиймээс тохижилт, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэж байгаа” гэв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Дүүргүүдийн нөхцөл байдлыг харахад ихэнх нь төв замаа сайн цэвэрлэсэн боловч гэр хороолол, байшин хороолол доторх зам талбай, явган хүний замын цэвэрлэгээ хангалтгүй байна. Мөн замын хажууд овоолж тавьсан цасан дээр хүмүүс хогоо хаяж байгаа тул шуурхай тээвэрлэн, цэвэрлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга нар СӨХ-дтойгоо уялдаа холбоотой ажиллаж, СӨХ-д хотхон доторх үйлчилгээний байгууллагуудаа уриалан орчны 50 метр талбайг нь тогтмол цэвэрлүүлэх хэрэгтэй. Ер нь иргэн, аж ахуйн нэгж бүр оршин суугаа газартаа эзэн болж, бие биеэ уриалан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэснээр аюулгүй орчин бүрдэнэ гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *