ЗӨСҮТ: Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна

Дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс манай оронд Ixodex, Dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй юм байна. Хачгийн хөгжлийн үе шат нь өндөг, авгалдай, нимф, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагддаг ба хөгжилт нь 2-4 жил үргэлжилдэг. Хөгжлийн үе шат бүрдээ өвчин үүсгэгчийг дамжуулдаг. Биеийн хэмжээ нь ерөнхийдөө эм 0.5-8.3 мм, эр хачиг 0.2-5.8 мм байдаг аж.

Хаврын урь орсон дөрөвдүгээр сараас идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба тав, зургаадугаар сард хамгийн элбэгшинэ. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг. Нартай дулаан өдрийн 8-12, 17-20 цагуудад ихээр гардаг. Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй гагцхүү өвчин үүсгэгч агуулсан хачигт хазуулбал халдвар авна гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.

#Бэлчээрийн_хачиг:

Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай, Говь-Алтайн нуруу зэрэг Монгол орны бүхий л бүс бүслүүрээр тархсан. Хачигт риккетсиоз өвчний үндсэн дамжуулагч болдог ба ку чичрэг, хачигт энцефалит өвчнийг дамжуулдаг болохыг лабораторийн шинжилгээгээр илрүүлсэн.

#Цөл, цөлөрхөг хээрт тохиолддог #хачиг:

Монгол Алтай, говийн Алтайн хаяа уулс, цөл, цөлийн хээрийн бүсийн заг, бударгана, харгана бүхий нутгаар тархсан. Крым Конгын цусархаг чичрэг өвчнийг дамжуулдаг байж болохыг Казакстан, Киргизстан, Туркменистан улсын судлаачид тэмдэглэсэн. Монгол оронд ку чичрэг, хачигт риккетсиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг болохыг мал эмнэлгийн судлаачид тэмдэглэсэн байдаг.

#Тайгын_хачиг:

Ойт хээрийн бүсийн навчит болон шилмүүст ой бүхий Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар тархсан. Хачигт энцефалит, хачигт боррелиоз, ку чичрэг, анаплазмоз, эрлихиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг. Сэлэнгэ, Булган аймгийн нутгаас цуглуулсан хачгаас хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчний үүсгэгчийг ялгаж авсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *