Ж.Ганбат: 1072 хувьцааны ногдол ашгийг Цагаан сараас өмнө өгөхийг хичээнэ
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ батлав. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна.
Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг УИХ гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болохыг Ажлын хэсэг онцолж байсан юм.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд цагаан сараас өмнө өгөхийг зорино. Нэг иргэнд 116,000 орчим төгрөг ногдоно. Өнөөдөр батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27 хувийг эзэмшихээр болж байна.“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг ёсчлохоор компани дотор бүртгэл хийгдэж, ТУЗ-д танилцуулна. ТУЗ хувьцаа эзэмшигчидтэй ярилцаж, шийд гаргана” гэв.