ИРГЭД: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох ЁСТОЙ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурал(УИХ)-ын тогтоолын төсөл өчигдөр батлагдсан.Энэхүү шинээр батлагдсан тогтоолын төслийг ахмадууд эсэргүүцэж “нүцгэн” хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ.
Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) Ж.Ганбат цагаан сараас өмнө 116,000 орчим төгрөг 2022 оны ногдол ашиг болгож олгохыг зорино гэсэн юм. Тэгвэл ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл үүнийг эсэргүүцлээ.
Хэвлэлийн хуралд оролцсон иргэдийн төлөөлөл “Хоёр жил гаруй шаардлага тавьсны эцэст “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг ард түмэнд өгөх асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон хуралдаанаар тус компанийн хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэвч сая оруулсан шинэ тогтоолын төсөлд энэ асуудлыг тусгасангүй. Энэ 34 хувийг ард түмэнд эзэмшүүлснээр нэг иргэнд 1290 хувьцаа оногдох ёстой. Энэ нь 580,000 төгрөгийг нэг иргэнд олгох учиртай гэсэн үг. УИХ иргэдийнхээ эсрэг ажиллаж байна. Тиймээс дараагийн арга хэмжээгээ авч энэ тогтоолын төсөлд бүхэлд нь хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ” гэж ярив.