Дэлбэрэх бодистой явахад зайлшгүй тохиолдолд жолооч машинаа орхих заалттай

Зам тээврийн ослын улмаас газ тээвэрлэж явсан машин хийгээ алдсанаар харамсалтай осол өчигдөр гарсан. Тэгвэл хот дотор болон хот хооронд, бусад замд тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэж яваа техник хэрэгсэл, жолоочид ямар шаардлага тавьдаг талаар холбогдох журмын мэдээллийг хүргэж байна.

Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил тасралтгүй жолоодсон, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх заалттай. Мөн жолооч нь тэсрэх материалтай харьцаж ажиллах, ажилчдыг бэлтгэх сургалтад хамрагдсан байна. Үүнээс гадна найман цагаас дээш хугацаагаар тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлд ээлжийн жолоочийг хамтад нь томилно. Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримт авч явахаас гадна дараах тээвэрлэлтийн бичиг баримттай байна. Үүнд:

  • тээвэрлэлтийн маршрут \замнал\-ын  схем,
  • тухайн тээврийн хэрэгсэлээр тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл,
  • тээвэрлэж яваа тэсрэх материалуудын ослын карт,
  • тээвэрлэгч байгууллага нь замын хуудасны зүүн дээд талд аюултай ачаа гэсэн тэмдэг улаанаар дарахыг тусгажээ.

Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь батлагдсан замналыг зөрчих, өөр газарт зогсолт хийх, хурд хэтрүүлэхийг хориглоно.

Зайлшгүй зогсох тохиолдолд ачааг илгээгч болон хүлээн авагч байгууллагад шуурхай холбоогоор мэдэгдэж, суурин газраас 200 метрээс багагүй, замын баруун гар талыг шахаж, хойно ба урдаа 100 метрийн зайд ослын зогсолтын тэмдэг тавих, шаардлагатай гэж үзвэл ачааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна. Харин зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэм болон ослын картанд заасны дагуу шуурхай ажиллаж, шаардлагатай гэж үзвэл онцгой байдал болон эмнэлгийн түргэн тусламж дуудах, зам тээврийн осол, хэргийн газар руу гадны хүмүүсийг ойртуулахгүй байх арга хэмжээ авна.

Тэсэрч, дэлбэрэх бодис тээвэрлэж яваа жолооч автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдал, ачааны татлага, лац ломбо болон тэвшний хаалга хаалтуудад тус тус хяналт тавьж ажиллана. Дэлбэрэх эрсдэлтэй материал тээвэрлэж яваа жолоочид дараах зүйлийг хориглоно. Үүнд:

  • гэнэт хурдан хөдөлгөөн хийх, огцом тормозлох,
  • бүрэн бус автомашин чирэх,
  • хөдөлгүүрээ унтрааж, хурдны хайрцаг холбоосуудыг салгаж өнхөрүүлэх,
  • 100 метрийн дотор ил гал гаргах, тамхи татах,
  • зайлшгүй шаардлага гарснаас бусад нөхцөлд ачаатай тээврийн хэрэгслийг хамгаалалтгүй орхиж явах.

Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд ачааны бичиг баримтад тусгаагүй ачаа бараа, гадны хүн хамт авч явахыг хориглох заалттайг журамд онцолжээ.

         

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *