Европт хүүхэдтэй эцэг эхчүүд ингэж “эрхэлдэг”

Төрөөд удаагүй найзындаа нэг удаа зочилж, ээж болох ямар байдаг тухай хуучилсан юм. Эхэндээ найз минь хүүхдийнхээ өхөөрдөм үйлдлийг нь харах бүртээ хайр хүрдэг хэмээн сэтгэл хангалуун ярив. Гэтэл гэнэтхэн санаа алдсанаа эхэр татаад уйлчихав. Хэсэг уйлаад тайвширсныхаа дараа “Хүүхдээ хараад бүтэн өдөржин ямар ч завгүй байдаг. Гэтэл хадмуудаас эхлээд бусад хүмүүс юу ч хийхгүй өдөржингөө зүгээр суулаа гэж чичилнэ. Ядраад байна гэхээр хүүхэд харж гэрт суучхаад юундаа ядардаг юм, залуу хүн байж гэж загнадаг. Эдгээрээс болоод найз нь сэтгэл гутралд орж, дахин хүүхэд төрүүлэхгүй гэж шийдсэн” гэж ярьж билээ.

Энэ түүх бол Монгол Улс асрахуйн эдийн засаг хэмээх чухал салбараа орхигдуулсны улмаас олон мянган иргэн сэтгэл зүй, бие махбод, санхүүгийн олон саадтай учирч байгаагийн нэгэн жишээ нь. Магадгүй та асрахуйн эдийн засаг нь ээж байхтай ямар холбоотой юм бол гэж гайхаж байна уу. Тэгвэл бидний амар тайван, аз жаргалтай амьдралд чухал нөлөөтэй энэ салбарын тухай мэдээлэл хүргэе.

Аяга угаах, хоол хийх, гэр цэвэрлэх, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, хувцас угаах, өндөр настай эсвэл өвчтэй хэн нэгнийг асрахад бид цалин авдаг бил үү. Хариулт нь мэдээж үгүй. Тэгвэл гэрийн ажил гэх нэршилтэй, тасралтгүй үргэлжилдэг атлаа “сохор зоос” ч бидэнд наалддаггүй энэ бүхнийг нэгтгээд асрахуйн эдийн засаг гэж ойлгож болно.

 НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн 2023 оны судалгаанд дурдсанаар асрахуйн эдийн засаг буюу хөлсгүй хөдөлмөрийн 75 хувийг эмэгтэйчүүд дангаараа гүйцэтгэж байна. Хөгжил буурай орны орлого багатай эмэгтэйчүүд өдөрт 14 цагийг ямар ч хөлсгүй ажилд зарцуулдаг. 

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн 45 орчим хувь нь эдгээр цалингүй гэрийн ажил, хүүхэд асрахад байгаа бүхнээ зориулсаар ажил хийж чадахгүй байгаа бол яг ийм цалингүй ажил хийдэг эрэгтэйчүүд ердөө зургаан хувь байна. Дэлхий дээр дөрвөн тэрбум орчим эмэгтэй амьдардгаас хоёр тэрбум орчим нь хөлсгүй хөдөлмөр эрхэлж хүсэл мөрөөдөл, өндөр албан тушаал, хувийн бизнес гэсэн бүхнээ золиослон аж төрж байгаа аж. Эдгээр хэдхэн тоо Монголд төдийгүй дэлхий дахинаа асрахуйн эдийн засаг эмэгтэйчүүдийн зүрх зориг, хүсэл тэмүүллийг унтраан, амжилт руу тэмүүлэх “ир”-ийг мохоож буйг илтгэж байна.

Ээжүүд үр хүүхдээ бүтэн өдөржин асран халамжилдаг атал төрөөс сарын живхний мөнгийг нь ч бүрэн хангаж чаддаггүй. Товчхондоо, эмэгтэйчүүд бол өнөөг хүртэл огтхон ч үнэлэгдэж байгаагүй хөлсгүй хөдөлмөрийг нугалж буй гол хүмүүс юм.  Өдөр нь цалинтай ажлаа, орой нь гэртээ ирж цалингүй асрах ажлаа хийдэг энэ “чөтгөрийн тойрог”-оос монгол эмэгтэйчүүдийг гаргахад хүндээ ээлтэй төрийн оновчтой бодлого хэрэгтэй. Тэгвэл олон улсын сонгодог жишээнүүдтэй танилцъя.

Аз жаргалтай Финланд ба асрахуйн эдийн засгийн өндөр хөгжил

Хамгийн аз жаргалтай улс гэгддэг Финланд асрахуйн эдийн засгийн оновчтой төрийн бодлогоороо бусад орноо түүчээлдэг. Жишээлбэл, гурав хүртэлх насны хүүхдээ цэцэрлэгт явуулахгүйгээр гэрээр асардаг гэр бүлд 338 евро буюу 1.2 сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгодог. Эцэг эхчүүд хүүхдээ зургаан нас хүртэл нь гэрээр асрах боломжтой. 3-6 насны хүүхдээ асрах бол мөн л дээр дурдсантай дүйцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно. Гэтэл Монголын Засгийн газрын хэрэгжүүлдэг  “Цалинтай ээж”- гэх төсөвтөө ахадсан нэртэй сүржин хөтөлбөрийн 50 мянга үүний таван хувьд ч хүрэхгүй. 

Үүгээр ч зогсохгүй Финланд улс хүүхдээ асрах аавуудад мөнгөн тэтгэмж олгодог. Хүүхдийг зөвхөн эмэгтэйчүүд л асардаг гэх хэвшмэл ойлголт Финландын Засгийн газарт үгүй бөгөөд хүйсээс үл хамааран эрх тэгш ажиллах боломжийг олгодог аж. Цэцэрлэгийн хүртээмж бусад эрүүл амьдрах орчин ч сайн бүрдсэн учир ихэнх Финланд эмэгтэй хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хийхийг илүүтэй сонгодог байна. 

 Хүүхэд гэлтгүй өндөр настай эсвэл өвчтэй нэгнийг асрахаар бол 338 евро, тэднийг асрахын тулд ажлаасаа гарах шаардлагатай бол 784 евро буюу гурван сая орчим төгрөгийг сар бүр Финландын Засгийн газар олгодог. Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэх мөнгөн тэтгэмжийг ээж, аавыгаа эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй хүмүүс авдаг байна. Ингээд харахаар Финландын иргэд аз жаргалын индексээр тэргүүлдэг нь асрахуйн эдийн засгаа маш сайн “тордож”, бодит амьдралтай нийцсэн тэтгэмж, үйлчилгээг үзүүлдэгтэй холбоотой бололтой.

Асрахуйн эдийн засаг ба жендэрийн мэдрэмж

Шведэд хүүхдээ найман нас хүртэл нь гэрээр асрахыг дэмждэг. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь ажлаасаа чөлөөлөгдөн хүүхдээ асарвал өдөрт 250-950 крон буюу 81 мянгаас 300 мянган төгрөг олгоно. Тэгэхлээр Швед гэр бүл хүүхдээ гэрээр асрахдаа сард 2.4-9 сая төгрөгийг төрөөсөө авдаг байна. Хүүхдийн бие өвдөж ажлаас чөлөө авсан үед ч мөнгөн тэтгэмж өгдөг. 

Харин Франц эмэгтэйчүүд жирэмсэн болон хүүхдээ асрахаар ажлаас чөлөөлөгдөх, түр хугацаагаар ажилгүй байгаа үедээ ч өдөрт 86 евро буюу хамгийн ихдээ сард 9.5 сая төгрөг авдаг нь дэлхийд хамгийн өндөр тэтгэмжид тооцогддог аж. Франц мөн л эрэгтэйчүүдээ орхисонгүй, сүүлийн 12 сар ажил хийхгүйгээр хүүхдээ асарч байгаа аавуудад мөнгөн тэтгэмж олгоно. Хүүхэд төрөх үед нэг удаагийн 1.5 сая орчим төгрөгийн тусламжийг гэр бүлд үзүүлнэ.

Германд хүүхэд төрөхөөс нэг нас хүртэл нь эцэг эхийн нийт орлогын багадаа 67 хувийг нь төрөөс нь тэтгэмж байдлаар олгоно. Ингэхдээ сард дээд тал нь 1800 евро буюу 6.6 сая төгрөгийг хүүхдээ асрах хугацаанд олгодог юм байна. Энэ нь аав, ээжийн аль алинд ижил тэгш үйлчилнэ.Хэрэв эцэг эх нь ажил хийдэггүй бол сард 1.1 сая төгрөгийг төрөөс өгнө. 

Харин Чехэд хүүхэд төрөх үед нэг удаадаа 530 евро буюу 1.2 сая төгрөгийг санхүүгийн тусламж байдлаар шинэ хүнээ өлгийдөн авсан гэр бүлүүдэд олгоно. Мөн аав нь хүүхдээ гурван нас нь хүртэл нь мөнгөн тэтгэмжтэйгээр асрах боломжийг олгожээ. 

Асрахуйн хамгийн шилдэг бодлогыг хэрэгжүүлдэг улсын нэг нь Канад. Тус улс хүүхэд хамгаалалд зориулж зургаа хүртэлх насны хүүхдэд жилдээ 16 сая төгрөгийг тусгай сангаас олгодог. Харин 6-18 насны хүүхдэд жилд 14 сая төгрөгийг асаргаанд нь зориулан олгоно. Канадад төрсөн хүүхэд 18 нас хүртлээ төрийнхөө тэтгэмжинд “эрхэлж”, эцэг эхчүүд хүүхдээ яаж өсгөнө дөө гэсэн санаа зовнилгүй байдаг аж.

Харин эцэг, эх, төрийн хамтын хариуцлагыг амжилттай хэрэгжүүлж буй улсаар Исландыг нэрлэжээ. Тус улсад хүүхэд асрах есөн сарын чөлөөний хугацаанд сарын цалингийн 80 хувийг олгодог байна. Ингэхдээ энэ хугацааг гурав хуваана. Эхний гурван сарын чөлөөг ээжид, дараагийн гурван сарыг аавд, харин сүүлийн гурван сараа аль нэг нь сонгож авдаг аж.

Америкт “хаягдсан” эмэгтэйчүүд ба Нобелийн шагнал

Клаудиа Голдин хэмээх эдийн засагч эмэгтэй хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн цалин, хөлсний тухай ойлголтыг нэмэгдүүлсэнийхээ үр дүнд 2023 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Тодруулбал, АНУ 250 жилийн түүхэндээ эмэгтэйчүүдийг бие бялдар, хөдөлмөрийн чадамжийг дутуу үнэлсээр ирсэн бөгөөд тэдэнд эрэгтэйчүүдээс бага цалин олгож, гэр цэвэрлэх, хүүхэд асрах зэрэг хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйтэйчүүдийн нуруунд үүрүүлж ирснийг судлаач Голдин бүтээлээрээ гаргаж ирсэн юм. 

Ингэхдээ тэрбээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог түүхэн цаг үеийн дарааллаар судалжээ. Түүний судалгаанаас харахад дэлхийн II дайны үеэр өдөр өнжүүлэх төв, хичээл давтуулах хөтөлбөр гаргасны ачаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдсэн байна. Цар тахлын үеэр мөн л ижил дүр зураг ажиглагджээ. Учир нь цахим болон зайнаас ажиллах нөхцөл бүрдснээр ээжүүд хүүхдээ асрангаа ажил эрхлэх боломжтой болсон байна. Энэ цаг үеийг судлаач Голдин “мөнгөн шугам” хэмээн нэрлэжээ.

Судалгааны ажилтайгаа холбоотойгоор эдийн засагч Голдин “Гэр бүл ба карьер:Тэгш эрхийн төлөөх эмэгтэйчүүдийн зуун дамжсан урт аялал (Career and Family:Women’s Century-Long Journey Toward Equity) хэмээх номоо 2021 онд гаргасан байдаг. Тус номондоо эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтын “бодит модель” хэмээн нэрлээд гэрийн ажлыг эрэгтэйчүүд эн тэнцүү хувааж хийх нь тэгш байдлыг хангахад чухал үүрэгтэйг онцлов. 

Ийнхүү түүхэн хугацаанд эдийн засагчид хүүхдийн болон эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг судалж ирсэн ба эмэгтэйчүүд гэх чухал судлагдахууныг орхигдуулсныг тэрбээр олж харжээ. Жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотой тэгш бус байдлын улмаас америк эмэгтэйчүүд хэр их бэрхшээлтэй нүүр тулсаар ирсэн, одоо ч туулж явааг ил болгосноор тэр Нобелийн шагналын эзэн болсон байна.

Судлаач Голдин бүтээлдээ 1943 онд Америкийн үйлдвэрүүд эмэгтэй ажилчидгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэдгийг Засгийн газар нь хүлээн зөвшөөрч 3-6 настай хүүхдүүдийн цэцэрлэгийг бий болгосныг дурдсан байна. Энэ цэцэрлэг нь эрт нээж орой хаадаг, төлбөр нь боломжийн тул эцэг эхчүүд сэтгэл хангалуун байжээ. Энэ шийдлийг өдгөө амжилттай хэрэгжүүлж буй улсуудын нэг бол Уругвай юм.

Хүмүүс амьдрахад хамгийн таатай гэгддэг, бидний очиж амьдрахыг нууцхан хүсдэг Скандинавын орнууд болоод Европын орнууд асрахуйн эдийн засгаа оновчтой бодлогоор “усалж”, хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн байна. Хаана аз жаргал байна гээд хайгаад үзвэл асрахуйн эдийн засаг хөгжсөн оронд л иргэд нь сэтгэл хангалуун, юунд ч үл санаа зовнин амьдарч байна.

Хаана хүүхдэд ээлтэй орчин байна гээд судлахаар бас л өнөөх асрахуйн эдийн засаг сайн хөгжсөн орнууд л тэргүүлж байна. Монгол Улс хөгжлийнхөө замд яваа гэж эрх баригчид биднийг тайвшруулдаг. Гэхдээ хүүхэд  төрүүлээд л ажил ч үгүй, орлого ч үгүй болчихдог оронд бид аз жаргалтай амьдарч чадна гэж үү.

Дэлхийд хүүхэд төрүүлсэн гэр бүлээ төрийн мөнгөн тэтгэмж, цалинтай чөлөөнөөс эхлээд хүртээмжтэй сургууль, цэцэрлэгийн бодлогоор “эрхлүүлж”, хэдэн ч хүүхэд гаргасан сэтгэл дүүрэн амьдрах боломжийг бүрдүүлжээ. Харин Монголд гэр бүлүүд олон хүүхэд гаргахаас айдаг. Учир нь хүүхдээ асрахын тулд эмэгтэйчүүд ажлаасаа гарч, бүхнээ золиослоно. Төрөөс өгч байгаа тэтгэмж нь сарын живхний хэрэглээгээ ч хангадаггүй. Ингээд харахаар Монгол Улс хөгжинөө гэдэг ч холын мөрөөдөл хэвээр үлдэх нь ээ.

Улс орнуудын асрахуйн тэтгэмжтэй холбоотой мэдээлэл, судалгааг унших линк

https://www.undp.org/georgia/blog/care-economy-lika-ablotia

Судлаач Голдины судалгааны талаар унших линк

https://www.nytimes.com/2023/10/09/business/economy/claudia-goldin-nobel-prize-economics.html

https://scholar.harvard.edu/files/goldin/files/dynamics_of_the_gender_gap_for_young_professionals_in_the_financial_and_corporate_sectors.pdf

СЭТГҮҮЛЧ Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *