“Шатахууны тасалдал үүсээгүй, нөөц хангалттай”
Амралтын өдрүүдэд хотын захын зарим ШТС-д оочертой байсан бол өнөөдөр Яармаг дахь Шунхлай ШТС-д оочер үүссэн гэх мэдээлэл ирээд байна.
Энэ талаар Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас тодруулахад “Шатахууны нөөц хангалттай байгаа. ОХУ, БНХАУ-аас тасралтгүй нийлүүлж байгаа.Шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд нийтэд мэдээлэл өгнө” гэв.
Шунхлай компанийн ажилтан “Шатахууны тасалдал үүсээгүй. Агуулахаас шатахуунаа авч очих хооронд хүлээгдсэн байх” гэсэн тайлбарыг хэллээ.
Улсын хэмжээнд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт 133,417 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,814 тн, АИ-92 автобензин 39,537 тн, АИ-95 автобензин 4,191 тн, Дизель түлш 82,483 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 37 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 52 хоног, Дизель түлш 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлжээ.