Цахиурын хөндийн шилдэг компаниудад 350 орчим Монгол залуу ажиллаж байна
Америкийн Цахиурын хөндий дэх дэлхийн шилдэг компаниудын Mонгол мэргэжилтнүүд Цахим хөгжил хариуцсан сайдын дэргэд технологийн зөвлөл байгуулан, нэгдэн ажиллахаар боллоо.
“Google”-ийн ахлах инженер, “SalesForce”-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал, Стэнфордын их сургуулийн Бизнесийн сургуулийн захирал, Microsoft-ын инженер, “Мета” буюу Фэйсбүүкийн систем хөгжүүлэгчид, “Оракл”, “Амазон”-ы Mонгол мэргэжилтнүүд тэргүүтэй залуус тус зөвлөлийг бүрдүүлж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахиурын хөндийд цахиур хагалсан, дэлхийн шилдэг компаниудын Монгол захирал, инженерүүдийн өндөр ур чадвар, өргөн мэдлэг туршлагыг эх орных нь хөгжилд зориулах болсноо Сан-Францискогийн их сургуульд нэгдүгээр сарын 30-нд болсон “Инженерүүдийн уулзалт”-ын үеэр танилцуусан юм. Цахиурын хөндий дэлхийн мэдээллийн технологийн эдийн засгийн 40 хувийг дангаар эзэлж, нэгэн дор 7000 гаруй компани өрсөлдөж, илүү ухаалаг ирээдүй, илүү өөдрөг маргаашийг бүтээж байна.
Мэдээллийн технологийн дэлхийн хөгжлийн төв цэг болсон Цахиурын хөндийд 350 орчим Монгол инженер залуу шилдэг компаниудад шалгаран ажиллахаас гадна гарааны бизнес үүсгэж багаараа өрсөлдөж байна. Мөн Цахиурын хөндийд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүхий таван Монгол компанийг танилцуулж, Төв азийн улс онуудын Silk Road Hub – д элсүүлэх ажил энэ айлчлалын хүрээнд шийдвэрлэхээр хүлээж байна.