Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн 2024 оны төсвийг тодотгон баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар мөн Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хоёр шатны хэлэлцүүлэг хийн баталлаа. Хэлэлцүүлгийн өмнө НИТХ дахь намын бүлгүүд болон Эдийн засаг төсвийн хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан юм.
Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг ₮1,122,582,443.2 байхаар батлав. Үүнээс татварын орлого ₮873,119,158.3, татварын бус орлого ₮230,365,833.7 байна. Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг ₮1,641,110,048.9 байхаар баталсан бол үүний ₮1,397,488,647.6 нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ байх юм. Мөн нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалт 77,860,200.0, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 19,097,451.2, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023-2024 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 137,254,703.8, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023-2024 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 9,409,046.3 төгрөгийг тус тус зарцуулахаар баталлаа.