Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл болоод тэтгэвэр, халамж, асаргааны тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.
Төрийн бүх албан хаагчийн цалин 10 хувиар, нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэж буй бөгөөд нийт 225.2 мянган хүн хамрагдахаар байна.
Мөн орон нутгийн алба хаагчдын цалин дараах байдлаар нэмэгдэх ажээ. Тодруулбал,
-Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
-Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус, тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгохоор болжээ.
Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэж буй бол халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж 10 хувиар нэмэгдэнэ.