Х.Булгантуяа: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгааг арилгах бодлого баримталж байна
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын 68 дугаар чуулган Нью-Иорк хотноо болж байна. Эмэгтэйчүүдийн аж байдлын чуулганыг НҮБ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ чуулганы 68 дахь удаагийн хуралд 2024 оны гуравдугаарсарын 11-22-нд зохион байгуулагдана. Энэ жил манай улсаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монгол улсын хувьд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 51,5 хувь байхад эрэгтэйчүүдийнх 66,4 хувь байна. Хүүхэд асрах, гэрийн ажил хийх, тэтгэвэрт эрт гарах зэрэг хүчин зүйлсийн нөлөөллөөр эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвхи нь эрэгтэйчүүдийнхээс доогуур байгааг чуулганы нээлтийн үеэр онцоллоо.
Тоон мэдээлэл хүргэхэд:
– Монгол улсын нийт хүн амын 50,9 хувь нь эмэгтэйчүүд
– Нийт аж ахуй, нэгж байгууллагын 43,4 хувь нь эмэгтэй удирдлагатай
– Гэрийн ажлаа амжуулж өрхийнхөө бизнест тусалж байгаа боловч цалин хөлс авдаггүй хүмүүсийн 75,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
– Жэндэрт суурилсан цалингийн ялгаа 20,6 хувьтай байна
Дээрх цөөн тооны мэдээллээс харахад эмэгтэйчүүд хүүхдээ харж, гэрийн ажлаа хийж, нэмээд улсдаа баялаг бүтээж, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа ч үнэлэмжийн ялгаатай байдлаас эхлээд олон хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ өөрчлөлтөөр дамжуулан эмэгтэйчүүдйин манлайлал, төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг эдийн засгийн хүчтэй, эрх мэдэлтэй болгох зэрэг бодитой өөрчлөлтүүдийг хийж болохоор байгаа юм.
Жишээ нь ижил төстэй ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин орлогын хэмжээ ялгаатай байгааг арилгах замаар ядуурлыг бууруулж, орлого нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого барин ажиллаж байгаа юм байна.
Монгол улсын урт хугацааны хөгжлийн Алсын хараа-2050 бодлогын баримт бичигт Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бүтээмжтэй, зохистой, ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдлыг дэмжих зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хууль”ийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэж байгаа.
Монгол улсын Засгийн газраас бодлого, хууль тогтоомжийн жэндэрийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа юм байна. Тухайлбал, 2022 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй, жэндэрийн мэдрэмжтэй ажлын байран дээрх эрхийг хангах, ажил амьдралын тэнцвэрийг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх, хөдөлмөрийн харилцаанд ажлын байрны дарамт, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой асуудлуудыг нарийвчлан зохицуулсан байгаа юм. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа бөгөөд дээрх хуулиудаар жэндэрийн тэгш байдлыг хангах, эхчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах зорилго оршиж байгааг зэрэг мэдээллийг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын 68 дахь Эмэгтэйчүүдийн аж байдлын чуулганы индэрт онцоллоо.