Наурызын барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүлж Соната-9 маркын автомашины эзэн боллоо
“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, Д.Анар, Б.Серик нар үлдэв.
Энэ барилдааны түрүү бөх Соната-9 маркын автомашин, үзүүр бөх 4 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардсан бөгөөд бусад давааны бай шагналыг мөн нэмэгдүүлэн өгсөн юм.
“Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбек “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан М.Еркебуланд, “Аймгийн цол ойрхон бөх”-ийн шагналыг сумын заан Х.Гасырбект, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн заан Е.Көптилект тус тус гардуулав.
Бай шагнал өндөртэй тус барилдааныг “Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл”, “Өлгийн хүчтэн” дэвжээнээс МҮБХ-той хамтран зохион байгууллаа.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 22-нд 13:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаан, 24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат “хөнхөр” хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.