Монгол төр анх удаа шууд шатанд хиймэл оюун ухаанаар хариулж эхлэв

2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хувийн хэвшилтэй хамтран хиймэл оюуны сүүлийн үеийн (GPT) технологийг нэвтрүүллээ.

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санг хиймэл оюун (GPT)-д сургаад байна. Ингэснээр иргэд сонирхож буй мэдээллээ илүү хурдан, хялбар авах боломжтой болж байна. Төр өөрт байгаа мэдээллээ анх удаа хиймэл оюунд сурган ажиллуулж эхэлсэн нь авлигын эсрэг тэмцэлд технологи ашиглаж, иргэний мэдэх эрхийг ханган, эрүүл нээлттэй нийгэм бүтээхэд тусална. Технологи хүн шиг асуултаас булзах, нуух, худал хэлэх, бүрхэгдүүлэхийг мэдэхгүй. Байгааг байгаагаар нь, баримтыг баримтаар нь хариулж, 24 цагаар үйлчилнэ. Хиймэл оюуныг дараагийн удаад газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын талаарх асуултад хариулдаг байдлаар сургахаар төлөвлөн ажиллаж байна. Иргэн та асуух тусам хиймэл оюун сурч хөгжих болно.

Энэхүү шийдэл нь иргэний мэдэх эрхээ хангахад хүн биш технологи засаглах шинэ үеийг эхлүүлж байна. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн цуглуулж, боловсруулж, байнга ил тод, нээлттэй байхаар заасан мэдээллийг уг системд тухайн мэдээлэл хариуцагч байгууллагын албан хаагч тоон гарын үсгээр нэвтэрч мэдээлэл байршуулах, улмаар үнэн зөв, алдаагүй байдлыг бүрэн хариуцах боломжийг бүрдүүлсэн. Мэдээллийн систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлснээр нээлттэй мэдээлэл нь бодит цагийн горимд шинэчлэгдэх боломж бүрдсэн. Мөн тус системд мэдээлэл хариуцагч байгууллага өөрийн байгууллагын “Шилэн индекс”-ийн үнэлгээний мэдээллээ тусгах, дээд шатлалын байгууллага хянаснаар дараа системд нээлттэй нийтлэгдэх боломжийг бүрдүүлээд байна. Мэдээллийн хариуцагч байгууллагын нээлттэй мэдээлэл хариуцсан албан хаагч нарт shilen.gov.mn системийн 2.0 хувилбарт хэрхэн мэдээлэл байршуулах талаар сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *