ШШГЕГ-ын О.Амарсанаа дарга аа, “МОНГМ” ХХК-ийн бусдад учруулсан 1.7 сая ам.долларын хохирлыг барагдуулахад анхаараач
Монгол улсын Засгийн газраас Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлого барьдаг ч үүнийг хууль хяналтын байгууллага нь “уландаа гишгэж” , гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон шийдвэр гаргасаар байгаа нь олон улсад Монгол улсын нэр хүндийг унагааж, нэр бүхий шүүгчид нэг талд үйлчилж , шүүхийн тогтолцоог үнэгүйдүүлж байна.
2010 онд буюу өдгөөгөөс 14 жилийн өмнө МҮХАҮТ-ын дэргэдэх Үндэсний Арбитрын 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр Кипр улсад бүртгэлтэй “Смайнекс инвестмент лимитед” ХХК-д 1,764,052 /нэг сая долоон зуун жаран дөрвөн мянга тавин хоёр/ америк доллар буюу 2,420,808,559.6 /хоёр тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун найман мянга таван зуун тавин есөн/ төгрөг төлөх үүргийг “Мон ГМ” ХХК хүлээсэн боловч гадаадын хөрөнгө оруулагчийг хохироон өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, Олон улсын бизнесийн зарчим болон МУ-ын хуулийг удаа дараа зөрчсөөр ирсэн.
Үүнийг “Мон ГМ” ХХК-ийн талд үйлчилдэг СБД-ийн нэр бүхий шүүгчид болон НШШГГ-ыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардахаар байна. Учир нь НШШГГ энэ олон жилийн хугацаанд тус компанийн хөрөнгийг эрэн сурвалжлах, төлбөр төлүүлэх олон боломжит ажиллагаа байсаар байтал нүд чихээ таглуулсан мэт чимээгүй байж, СБД-ийн нэр бүхий шүүгчид дуудлага худалдааг түдгэлзүүлэх шийдвэрийг удаа дараа гарган “Смайнекс инвестмент лимитед” ХХК-ийн эрх ашгийг хохироосоор өдийг хүрлээ.
Тодруулбал:
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 06-р сарын 27-ний өдрийн 1094 дугаартай шийдвэрээр “Мон ГМ“ ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан “Мөнх-Оргил” ХХК-ний хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 08-р сарын 26-ний өдрийн 716 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2011 оны 721 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
- Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12-р сарын 27-ний өдрийн 2375/С дугаартай шийдвэрээр “Батс” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 31-ний өдрийн 591 дугаартай шийдвэрээр “Мон ГМ” ХХК-аас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 18-ний өдрийн 1397 дугаартай шийдвэрээр “Мон ГМ” ХХК-аас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан “Мөнх-Оргил трейд” ХХК-ний үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07-р сарын 17-ний өдрийн 1591 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 11-р сарын 22-ний өдрийн 1487 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 11-ний өдрийн 1091 дугаартай шийдвэрээр Ш.Рина-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/8 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07-р сарын 02-ний өдрийн 1532 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 12-р сарын 13-ний өдрийн 1844 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон.
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ний өдрийн 1114 дугаартай шийдвэрээр Мон ГМ ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан “Виннер вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08-р сарын 10-ний өдрийн 1742 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 09-р сарын 14-ний өдрийн 1009 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон.
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09-р сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаартай шийдвэрээр “Мон ГМ” ХХК-ний Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09-р сарын 13-ний өдрийн 10/25 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 15-ны өдрийн 210/МА2023/01992 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсон.
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/01114 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08-р сарын 10-ны өдрийн 1742 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021 оны 09-р дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01009 дүгээр шүүх хуралдааны дугаартай “Мон ГМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Соёмбын гаргасан шинээр илэхрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээр Монгол Улсын дээд шүүх 2024 оны 02-р сарын 20-ны өдөр хэлэлцэн Хүсэлтийг хангаагүй болно.
- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03-р сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/04878 дугаартай захирамжаар “Мон ГМ” ХХК-ний Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ийнхүү “Мон ГМ” ХХК (мөн түүний хамаарал бүхий этгээд) нь 2010 онд арбитрын шийдвэр гарснаас хойш бүтэн 14 жилийн хугацаанд төлбөрийг сайн дураар төлөхөөс санаатайгаар зайлс хийж, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулан, үндэслэлгүй нэхэмжлэл гомдол удаа дараа гарган, зөвхөн үүссэн ханшийг зөрүүг тооцвол (1 ам.доллар = 3380 төг) 3,5 тэрбум төгрөгийн алдагдал учруулснаар “Смайнекс инвестмент лимитед” ХХК хохирч байна. Бүтэн 14 жилийн хугацаанд “Мон ГМ” ХХК-ний үндэслэлгүй гаргаж байгаа нэхэмжлэл, гомдлыг ийнхүү шийдвэрлэсэн байтал СБД-ийн нэр бүхий шүүгч нар дуудлага худалдааг түдгэлзүүлэх шийдвэр удаа дараа гарган “Смайнекс инвестмент лимитед” ХХК-ийн эрх ашгийг хохироож байна.
Ийнхүү “үнэлгээг дахин тогтоолгох, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох” гэсэн утга ижил нэхэмжлэлийн шаардлагыг “Мон ГМ” ХХК болон түүний хамааралтай “Эмбасси Тауэр” ХХК-аас санаатайгаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа давтан гаргаж , СБД-ийн нэр бүхий шүүгч нар “Мон ГМ” ХХК-ний хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааг түдгэлзүүлэх шийдвэр удаа дараа гаргаж байгаа нь хувийн ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлж байна.
Ийнхүү хуулийн нэрийг урдаа барьсан нэр бүхий шүүгчид нэг талд үйлчилж, гадны хөрөнгө оруулагчдыг хохироосоор байхад гадны хөрөнгө оруулагчид Монгол улсад хөрөнгө оруулахыг хүсэхгүй нь лавтай. Энэ мэт хуулийг гууль болгон өөрийн талд урвуулж , шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар тоглож хүссэн шийдвэр , хүссэн ажиллагаагаа явуулж байгаа ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий дээд байгууллага нь анхааралдаа авах шаардлагатай байна.
ЭХ СУРВАЛЖ: INDER.MN