Д.Ганбат: Ямар ч хатуу, харанхуй төр засаг юм бэ дээ
Өнөөдрийн /2024.04.11/-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Энэ хүүхдэд ээлгүй засаг төр байна. Ямар ч хатуу, харанхуй засаг юм бэ дээ. 2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг бараг өөхшүүлсэн хууль баталсан. Хуучин 18 настай байсан хэргийн нөхцөлийг 14 настай болгосон. Гэтэл 12, 13 настай хүүхдүүдийг хүчирхийлдэг, амь насыг нь бүрлэгсэн хэрэг удаа дараа гарч байна. Саяхан өөрийгөө хамгаалах чадваргүй хүнийг хамгаалах ёстой засаг, төрийн төлөөлөл болсон цагдаагийн дөрвөн албан хаагч бүтэн жил хүчирхийлэл үйлдсэн гэж хэвлэл мэдээллээр ярьж байна. Та нарын үр, хүүхэд ийм байдалд өртвөл яах юм. Яасан хөндий, хүйтэн муухай сэтгэлтэй улсууд вэ? Ийм хөндий муухай УИХ-ын гишүүд, парламентын засаглал, засаг төр байж болохгүй. Өчигдөр гэхэд Засгийн газрын хурал хийлээ. Хурлын үеэр ямар нэгэн шийдвэр гаргах болов уу. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргавал энэ гэмт хэргүүд дахин гарахгүй” гэсэн юм.