3х3: Эрэгтэй шигшээ баг Олимпын эрх олгох тэмцээнд хоёр дараалан хожигдов
Парисын олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өчигдөр Хонгконгт эхэллээ.Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ, нийт 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ багууд багтсан юм.
Тэгвэл тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд багахан өөрчлөлт ороод буй. Тодруулбал, гарны бэртэлтэй байгаа Э.Дөлгөөний оронд Ч.Ихбаярыг сонгосон байна. Түүн дээр өнгөрсөн Азийн аваргад багаа манлайлан хүрэл медальд хөтөлсөн А.Ананд, шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар багтсан.
Энэ бүрэлдэхүүн тоглолтын хуваарийн дагуу өчигдөр Латви болон Египет улсын багтай тоглож ялагдал хүлээгээд байна. Тэд өнөөдөр тэмцээний гурав дахь тоглолтоо Шинэ Зеландын багтай хийнэ.