Бэлэн гоймон импортлогч ААН, байгууллагуудад шалгалт хийхэд 19 нэрийн 51 төрлөөс зөрчил илэрчээ

Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог. Өнгөрсөн онд 79 аж ахуйн нэгж 14 улсаас 10.2 мянган тонн, 2024 оны гуравдугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3.1 мянган тонн бэлэн хоол, гоймон оруулж иржээ. Үүний 75.6% Хятад, 19% Солонгос, 1.9% Индонез улсынх байна.

Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгажээ.

Шалгалтыг Нийслэлийн Прокурорын Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар хамтран зохион байгуулсан байна.

Энэ хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэг, бэлэн гоймон импортлогч есөн аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахад шалгалт хийж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт Хэмжил Зүйн Газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Нэр бүхий найман газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж,  зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments