|

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112,
  • Өмчлөх эрхийн эсрэг 79,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв,
  • Авлига, албан тушаалын гурав,
  • Мөнгө угаах хоёр,
  • Төрийн нууцыг хууль бусаар олж авах нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “З” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө нь нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын дарга Э.М, нярав Ч.Г, ажилтан Д.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлчлүүлсэн иргэдийн 58.4 сая төгрөгийн төлбөрийг өөрсдийн дансаар хүлээн авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Э.М нь “А” ХХК-ийн менежер Э.Э-д худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/, 21.5 дугаар зүйлийн 1 /Гэрч, хохирогч, шинжээч, оруулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэргэжилтэн Н.Т нь иргэн Х.М-ын ажилд томилох, давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Э, нягтлан бодогч М.У нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “С” ХХК-ийн захирал Г.Б-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн падаан хуурамчаар бичүүлэн авч, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийн, бэлнээр гаргуулан авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *