ЦЕГ: С.Зоригийн хэрэгт урьд нь холбуулан шалгагдаж байсан хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй
ЦЕГ-аас С.Зориг бусдад хутгалагдаж нас барсан хэрэгт Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан ажлын хэсэг байгуулагдах тухай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр “Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3 ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологи ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анх удаа ДНК мэдээлэл шинээр тогтоогдож байгаа нь шинэчлэх ухаан техник технологийн ололт амжилтыг ашиглаж хэрэгт шинэчлэх ухаанаар хандах боломжийг бидэнд олгосон ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна. Энэхүү ДНК мэдээлэл урьд нь хэрэгт холбуулан шалгагдаж байсан хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй.
ДНК мэдээлэл нь хэнийг болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.