Ц.Гарамжав: Манай гэр бүлээс энэ удаагийн сонгуульд хэн ч нэр дэвшихгүй
Монполимет группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Манай гэр бүл, миний нэр хүндийг сүүлийн 6, 7 жил өдөр бүр гүтгэж, өглөө сэрэхэд л ямар нэгэн худал мэдээлэл цацсан байдаг байсан. Эх орноо гэж боддог хүнийг учир зүггүй гүтгэж, аль хэдийн шийдвэрлэгдсэн хэргүүдийг сөхөж харлуулдаг. Бүр улсын маш нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг олж, миний эсрэг мэдээллээд байгаа юм. Би гайхаж байна.
Сүүлд ингээд бодоход энэ бүх хардаж сэрдэх зүйл миний хүүгээс болж байгаа гэж бодлоо. Хүү маань 6, 7 жилийн өмнө л ийм хувь тохиолтой гэдгийг сонссон. Гэхдээ аль болох иргэдээс нуухыг хүссэн. Гэтэл яах ч аргагүй юм билээ. Ингээд 2023 онд Х богдоор тодорсон. Энэ их хувь тохиол манай гэр бүлийн хувьд ч маш хэцүү байсан ч, одоо эвлэрхээс өөр гарцгүй. Манай гэр бүл маш хүнд хэцүү бүхнийг туулж байгаа.
Манай гэр бүлээс энэ удаа хэн ч нэр дэвшихгүй. Манай охин Н.Мөнхнасанд ХҮН намаас санал ирсэн. Гэхдээ манай охин удаан бодсоны эцэст энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй байхаар шийдсэн” гэлээ.