ЦЕГ: Лифтнээс олдсон хүүгийн эцэг эхийг нь тогтоосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
Цагдаагийн байгууллагад “2024 оны тавдугаар сарын 28-ны шөнийн 03:42 минутад Баянзүрх дүүрэгт байрлах нэр бүхий хотхоны лифтэнд нүцгэн хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу алба хаагчид газар дээр нь шуурхай очиж шалгасан байна.
Ингэхэд 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд, нүцгэн байсан бөгөөд алба хаагчдаас хүүхэдтэй яриа өрнүүлэх, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор харилцаа үүсгэхэд тухайн хүүхэд өөрийгөө хэн болох, гэр болон эцэг, эхээ заан өгөхгүй, харилцан ярьж хариу өгөхгүй байсан тул эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлэн, хүүхэд түр хамгаалах 108 төвд хүлээлгэн өгсөн хэмээн Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.
Мөн эцэг эх асран хамгаалагчийг олж тогтоожээ. Одоогоор хүүхэд ямар шалтгааны улмаас гэрээсээ гарсан, тухайн асуудал яагаад үүссэн талаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.