Лаос руу үхэр, адуу, хонь, ямааны мах экспортолно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Угтан авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан байлцав.
Айлчлалын үеэр хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, агаарын гарц нээх нь иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэхийг онцлоод, хоёр орны хооронд байгуулсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хамтын ажиллагааг эхлүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Хэлэлцээний дүнд талууд хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Түүнчлэн Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбар хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тодруулбал, талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох бол Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажуулсан юм. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна.
18rxg4