Монголоос Лаос улс руу хөлдөөсөн мах экспортлох гэрчилгээг тохирч, шууд нислэгтэй болох талаар ярилцжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Лаос Улс нь эртний түүхэн хэлхээ холбоотой, өв соёлын уламжлалтай, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцоллоо. БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 17 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, элэгсэг, халуун дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар өнгөрсөн онд “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан юм.
Үүний мөрөөр “Монгол Улсаас Лаос Улс руу хөлдөөсөн хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-г тохирч буй нь хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, агаарын гарц нээх нь иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцоллоо. Хоёр орны хооронд байгуулсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хамтын ажиллагааг эхлүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод байгуулах “Эко олон улсын цэцэрлэгт хүрээлэн”-д хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болгон Лаос Улсын нэрэмжит талбай бий болгох боломжийг лаосын тал судалж, хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв. Энэ нь иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, залуу, хойч үеийн найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ. Талууд бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах болсонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсонд талархал илэрхийлэв. Монгол Улсын зүгээс Лаос Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд байршуулах монгол хивсийг хүлээлгэн өгч буйд лаосын тал талархал илэрхийлэв. Хэлэлцээний дүнгээр талууд хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.