ХХБ-наас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг эрэн сурвалжилж баривчилсан ч дахин оргон зайлжээ
Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилсан ноцтой хэрэг одоогоос гурван жилийн өмнө гарч байсан билээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр нэр бүхий этгээдүүд “Эрдэнэ Лайт” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тус байгууллагын данснаас хоёр сая ам.долларын гүйлгээ хийсэн байдаг.
Тухайн үйлдлийг банкныхан нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандснаар мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн гадна талбайд байрлаж байсан автомашинаас 1.1 сая ам.долларыг нь олж, банкинд нь хүлээлгэн өгч байсан юм.
Уг хэргийг Б.Бямбадорж Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын хүмүүс үйлдсэн болохыг олж тогтоон, тэднийг эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Үр дүнд хамгийн сүүлд Б.Бямбадорж гэгчийг 2022 оны долоодугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж баривчлан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байв. Түүнийг хэсэг хугацаанд цагдан хорьсон ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн байна.
Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Б.Бямбадорж нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар шүүхээс тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдөр явуулахаар товлоод байсан ч долоодугаар сарын 8-ныг өдөр хүртэл хойшлуулсан юм. Харин шүүгдэгч Б.Бямбадорж нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэрэг нь шүүхэд шилжсэн даруйд оргон зайлжээ. Тиймээс түүнийг дахин эрэн сурвалжилж эхэлсэн байна.