М.Бадарч гарьд цолондоо гацаж, Ц.Бямба-Отгон арслан боллоо
Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Үндэсний их баяр наадамд Улсын гарьд цолтой барилдаж түрүүлсэн М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн тул түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, тэмдэг, чимгийг нөхөн олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар тавын даваанаас эхлэн М.Бадарчид унасан таван бөхөд цол, чимгийг гардуулах ёслол болно. Ингэснээр бөхчүүд энэ жилийн баяр наадамд шинэ цолтойгоор зодоглох юм.
М.Бадарчид өвдөг шороодож, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон 2023 оны баяр наадамд улсын харцага цолтой зодоглож, улсын гарьд цол авсан. Түүнийг өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөхөөр зарлаж, улсын арслан цол олголоо.
Тодруулбал,
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан
- Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нэмэгдэж, М.Бадарч улсын гарьд цолон дээрээ үдлээ.