Гаднаас зөөвөрлөгдсөн халдварын 6 тохиолдол Энэтхэгээс ирсэн үү?
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 1098 халдварын тохиолдол илэрч, үүнээс 957 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Тэгвэл үүнээс 6 нь тээвэрлэгдэж ирсэн гэж Эрүүл Мэндийн Яам мэдэгдээд байгаа. Гэвч хаанаас, ямар чартер нислэгээр тээвэрлэгдэн орж ирсэн нь тодорхойгүй байдалтай байгаа нь ард иргэдийн дунд түгшүүр үүсгээд байна.
Учир нь Энэтхэг улсын халдварын нөхцөл байдал хяналтаас гарч, мутацид орсон вирусын хэлбэр газар авч, тус улсын нэр нөлөө бүхий баячууд Энэтхэгээс дүрвэн, хувийн онгоцоороо ч хамаагүй өөр улсуудыг зорьж байна гэсэн мэдээлэл гарсан.
Үүнээс гадна манай улсад Турк улсаас мутацид орсон буюу UK Variant төрлийн халдвар зөөвөрлөгдөн ирсэн нь ард иргэдийн дунд айдас төрүүлж байна.
Судалгаагаар мутацид орсон халдварын эдгэрэлт удаан, тархалт халдварлал нь өргөн хүрээтэй, үхлийн эрсдэл өндөртэй байгааг тогтоосон.
Улсын Онцгой Комиссын төлөвлөгөөний дагуу 4 дүгээр сард нийт 12 удаагийн чартер нислэг хийгдэж, гадаадад байгаа Монголчуудаа татан авч ирэх байсны нэг нь болох 04 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.
Тус нислэгээр 72 хүн зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тэднийг “Новотел”, “Кемпински” зочид буудлуудад хуваан тусгаарласан хэмээн УОК-ийн Шуурхай Штабаас мэдээллээд байсан юм.
Гэвч хамгийн хачирхалтай нь гадаадад гацсан Монголчуудаа татан авч ирэх зорилготой уг чартер нислэгээр ирсэн 72 хүний ердөө 11 нь л Монгол улсын иргэд байсан байна. Мөн тус зочид буудлуудад нийтдээ 20 хүнийг л хуваан тусгаарласан нь “Үлдсэн зорчигчид хаана тусгаарлагдаж байгаа вэ?” гэх асуултыг үүсгээд байна.
Хэрвээ Энэтхэг улсаас ирсэн хүмүүс дунд халдварын тохиолдол бүртгэгдсэн бол энэ нь мутацид орсон вирус байх аюултай юм. Тиймээс ард иргэд та бүхэн хатуу хөл хорионы үеэр гэрээсээ аль болох гаралгүй байж, шаардлагатай нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг зөвлөж байна.