Сэлбийн үерээс сэргийлэх боломжоо алдсан 350 хоног
Одоогоос яг 350 хоногийн өмнө буюу 2023 оны долоодугаар сарын 5-ны өдөр Сэлбэ гол эргээсээ хальж үерлэн цөөнгүй иргэн, аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирч байв. Барилгын зоорины давхарт байсан автомашинууд живж, ойр орчмын сургууль, цэцэрлэгүүд усанд автаж, байрны доод давхруудад цэлийсэн үерийн ус мэлтэлзэж байв. Үерийн энэ гамшиг тухайн орчмын иргэдийн хөрөнгө, хүчийг бүрэн барсан. Сар гаруй тог, усгүй байсан оршин суугчид орох орон, буудал, гуанз хэсүүчилж, хэсэгтээ л амаргүй нөхцөлд аж төрсөн. Тухайн орчмын усыг бүрэн шавхах гэж бараг намартай золгосон. Эвдэрсэн зам, сүйдсэн сууринг нь янзлах ажил нь өвлөөс урьтаж шувтарсан.
Өнгөрсөн зуны үерийн гамшиг ганц Сэлбээр ч тогтоогүй. Өнгөрсөн 2023 оны долоо, наймдугаар сард Улаанбаатарт орсон аадар бороо дөрвөн удаагийн үер болсон. Үерт нийслэлийн 96 хорооны 31.6 мянган өрх, 364 барилга байгууламж, 300 гаруй гэр, байшин сууц, 116 аж ахуйн нэгж, 231 тээврийн хэрэгсэл өртөж, дөрвийн дөрвөн хүн амиа алдсан гэх мэдээллийг ОБЕГ-аас гаргасан. 21 байршилд гудамж, зам талбай усанд автаж, 74023 хэрэглэгч цахилгаангүй болcон юм.
Үерийн гамшиг иймдээ тулсан нь үе үеийн эрх баригчдын буруутай үйлдэл гэдгийг дээр, дооргүй хүлээн зөвшөөрч байв. Мөн дахин ийм алдаа гаргахгүй, үерийн эрсдэлийг давтахгүй гэж л шогширч байлаа. Гэвч өнгөрсөн 350 хоногийн хугацаанд ярьснаас, цуурснаас бусдаар дорвитой ажил хийсэнгүй. Үүний гор өнгөрөгч амралтын өдрүүдэд гарав.
Тодруулбал, энэ сарын 21, 22-ны өдрүүдэд нийслэлд үргэлжилсэн бороо орлоо. Өнгөрсөн жил үерлэсэн Сэлбэ, дунд гол ганцхан шөнийн дотор эрэгтэйгээ эгнэж, эгшин зуур хальж мэдэх нөхцөлд хүрэв. УИХ-ын сонгууль болоход ердөө долоо хоног дутуу байсан учир Сэлбийг үерлүүлэхгүйн тулд бүх аргыг туршиж, бүрэн хүчээрээ ажиллалаа. Шаггүй хөрөнгө ч зарцуулсан байх.
Томилогдсон цагаасаа хойш тоймтой байр суурь дуугарахгүй байсан хотын дарга гэнэт л борооны өмнө “амь орж”, наймдугаар сарын 20-ноос өмнө Сэлбийг голыг далантай болгоно гэх нааштай мэдээг түмэнд дуулгав. Тэрээр бороо орохоос нэг хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 20-ны өдөр энэ талаар мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн жил Улаанбаатар хотод томоохон хэмжээний үер болсон. Төрийн байгууллага, албан тушаалтны болгоомжгүй, хайхрамжгүй, санаатай үйлдлээс болж сүүлийн 20 орчим жилд голын сав дагуу зөвшөөрөлгүй хууль бус барилга барьж ирсний жишээ бол “S Outlet”. Голыг боомилж, барилга байгууламж барьснаас шалтгаалж маш олон айл өрх, аж ахуйн нэгж хохирсон. Тиймээс нүүлгэн шилжүүлсэн. Одоо буурин дээр нь 1.5 орчим км урт үерийн далан барих зураг төсөл хийгээд, тендерийн сонгон шалгаруулалт явуулсан. Тендерт “Билгүүн Монгол” гэх компани шалгарсан. Өнөөдрөөс даланг өргөсгөх, бетонон хийцээр бэхжүүлэх, ойр орчмынх нь тохижилтыг хийхээр компани ажилдаа орлоо. Наймдугаар сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгнө” гэв.
Хотын даргыг сонгуулийн өмнө, бороо амдаж ийн мэдэгдэхээс өмнө арга хэмжээ авахыг аль чадлаараа шаардаж байсан хүмүүс оршин суугчид. Тэд нийслэлд хэд хэдэн удаа мэдэгдэх хуудас хүргүүлж, хариу өгөхийг шаардсан. Аргаа ядахдаа хэвлэлийн хурал хүртэл зарлаж байв. Ингэхдээ “Өнгөрсөн оны долоодугаар сард Сэлбэ голд үер болсон. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл ямар ажил хийгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. СӨХ сэргээн засварлаж ажлын оршин суугчидтайгаа хамтраад хийж байгаа. Нийт хохирол дөрөв орчим тэрбум төгрөг байгааг бид тооцоолсон. Тухайн үед хотын захиргаа үнэлгээ, дүгнэлт гаргаж өгнө гэсэн ч өнөөдрийг хүртэл энэ ажил хийгдээгүй. Бид маш олон бичиг хүргүүлсэн. Гэвч нэг ч хариу ирээгүй. Сэлбэ хотхонд 460 орчим өрхийн 2500 орчим оршиг суугч бий. Үерийн бүсэд 7000 орчим оршин суугч хохирол амссан. Аж ахуйн нэгжийн тухайд асар их хохирол учирсан. Далан тавих гэж олон жил ярьсан. Төсөв, мөнгө батлагдах гэж олон жил болсон. Ингээд ямар ч ажил хийхгүйгээр өнөөдрийг хүрсэн. Тиймээс бид аргаа барахдаа Сэлбэ голын урсцыг сайжруулахыг хүссэн. Үүний тулд Сэлбэ голын өргөний түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай. Хотын удирдлага маш олон зөрүүтэй мэдээлэл өгч байна. Голыг нь тохижуулах гэхээр оршин суугчид эсэргүүцлээ гэсэн мэдээлэл хийж байна. Энэ худлаа. Нэг ч оршин суугч эсэргүүцээгүй. ОБЕГ, УОК-иос усны гутал, хувин, элс хайргаа бэлдэж, автомашинуудаа грашаас гаргаарай гэсэн бичиг СӨХ дээр байнга ирдэг. Өнгөрсөн жилийнх шиг үер болоход ойрхон байна. Манай СӨХ 200-300 шуудай элс бэлдсэн. Энэ хэзээ ч үерийг барихгүй. Олны анхааралд өртөхөөр эсвэл дарга нь хэлэхээр ажил хийж эхэлдэг тогтолцоонд үнэхээр сандраад байна” гэсэн юм. Энэ ерөөсөө л бодит байдал. Хэрэв өнгөрсөн 350 хоног далангийн ажлаа эхэлж, үерийн хамгаалалтаа хүчитгэсэн бол өнөөдөр барьц алдаж, бажга тавихгүй л байсан.