ФОТО СУРВАЛЖИЛГА: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй “А.Сүхбатын хашаа”-ны учрыг олооч ээ!
Он гарсаар эхний саруудад нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлж, иргэдийн тав тухыг хангасан орчин олныг бий болгохоор зорьж байгаа юм.
Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлж, ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулах зорилготойгоор анх байгуулагдсан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өдгөө балгас болсон нэг хашаа бий. Дотроо нурах шахсан байгууламжуудтай бөгөөд эргэн тойронд овоолсон их дугуйн хаймар харагдана. Энэ хэвээр олон жилийн нүүрийг үзэж буй бөгөөд эл газар нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын эзэмшлийнх аж. Эргэн тойрон хашаалсан 1.2 га газрыг өмч хувьчлалын үед буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдахаас ч өмнө иргэнээс худалдан авчээ. Гэвч худалдаж авсан газартаа гэрчилгээ гаргуулж чадаагүй яваа гэх. Өдгөө худалдаж авсан эл газраа өөрөө ч торддоггүй, хүмүүсээр ч тордуулахгүй, ийн балгас хэвээр байлгаж буй нь харамсмаар.
Нийслэлийн Засаг даргын 2009 оны 268-р захирамж, НИТХ-ын шийдвэрээр БЗД-ын 960 га газарт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ын бүтээн байгуулсан. Ундны усны ундарга, Туул голын ай сав төвлөрч буй учир хүссэн хүнд нь газар олгоод байх боломжгүй. Гэвч А.Сүхбат ийн азаар ч гэмээр авсан газраа тордохгүй, балгас болгож буй нь өнгө үзэмж талаасаа ч, эко систем талаасаа ч зохимжгүй байна. Бид энэ тухай цувралаар эргэн сурвалжлах болно.