У.Хүрэлсүх: Олимпод оролцсон нийт тамирчдад мөнгөн урамшуулал олгоно
“Парис 2024” зуны олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсэж, төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олимпод хүч сорихоор оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн хатаа тэнцүүлэн бэлтгэл сургуулалтаа хангасан эрхэм хүндэт баг тамирчин, багш дасгалжуулагч, спортыг дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож олимпын наадмаас 30, паралимпын наадмаас дөрвөн медаль хүртсэн ард түмэн юм.
Манай Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр “Парис 2024”-д зуны 30, паралимпын 17 дахь удаагийн тэмцээнд оролцохоор олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд ес нийт 42 эрх баталгаажуулсан.
Энэ цаг үед Үндэсний шигшээ багийн тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэстэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын сэтгэлзүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр дөрвөн төрлийн дэмжих багийг сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллуулж байна.
“Парис 2024″ олимп, паралимпт оролцож буй тамирчид та бүхэндээ амжилт хүсэхийн сацуу эрх авсан тамирчин тус бүрд Монгол Улсын Засгийн газраас мөнгөн урамшуулал олгох болсныг дуулгахад таатай байна.
Олимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдадаа амжилт хүсэж Парисын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг олонтоо мандуулан, Төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлж, ард түмнийхээ итгэл найдварыг өндөрт өргөж, бахдам сайхан амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
Үүний дараа Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын наадмын баг тамирчдын бэлтгэлийн хувцасны дээжээс Ерөнхийлөгчид бэлэглэв.
Ёслолын ажиллагааны төгсгөлд Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тамирчдын төлөөлөл болж Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар үг хэллээ.