Л.Оюун-Эрдэнийн PLAYTIME буюу Мөнхийн Ерөнхий сайд байх мөрөөдөл
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг 126 гишүүнтэй анхны парламент өнгөрсөн баасан гарагт (2024.07.05) Монгол Улсын Ерөнхий сайдаар улираан томиллоо. Ийнхүү Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрч Монголын улс төрийн тавцнаа голлон тоглогч байх PLAYTIME эхэлж байна. Түүний эрин үе дахин хүчирхэгжих он тоолол эхлэх мөчийг Х.Баттулга, Н.Алтанхуяг, Н.Номтойбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд хуваалцсангүй, чуулганы танхимд ч үзэгдсэнгүй. Танхимд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ж.Ганбаатар “Тойргийнхондоо талархал илэрхийлэх party зохион байгуулах гээд чөлөө авчихсан байсан юм аа” гэсэн “гоё” тайлбар хэлэв. Намынх нь дарга, танхимынх нь тэргүүн улиран томилогдох эсэхээ УИХ-аар шийдвэрлүүлэх гэж байсан чухал үед хуралдаанд суугаагүйгээ ийн тайлбарласан нь сонирхолтой л хэрэг. УИХ-ын 126 гишүүний 104 нь оролцсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Ч.Лодойсамбуугаас бусад нь Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар улираан томилохыг дэмжсэн. Харин тэр орой Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд намынхаа Бага хурлын ээлжит хуралдаанд оролцох үеэр тойргуудад нэр дэвшээд ялагдсан гишүүдийнхээ “нулимстай үгс”-ийг сонссон. Баруун бүсэд нэр дэвшээд ялагдсан Ч.Хүрэлбаатарын багийн зарим гишүүн “Багаараа явж ялна” гэчихээд С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн нар хуйвалдаж, хувийн тоглолтууд хийсэн” хэмээн хатуухан үг хэлсэн бол говийн бүсэд нэр дэвшээд ялагдсан зарим нь “Б.Дэлгэрсайхан гишүүн АН-ынхантай хуйвалдаад унагачихлаа” хэмээн гомдлын үгс унагажээ. Сонгууль болгоны дараа болдог л үзэгдэл…!
МАН-ын Бага хурлын гишүүд ийнхүү хаалттай хаалганы цаана гомдол, бухимдлаа илэрхийлсэн бол АН-ын Улс төрийн зөвлөл амралтын өдөр Төрийн ордонд хаалттай хуралдаж, хамтарсан Засгийн газарт орж ажиллах тухай эрх баригч хүчнийхний “урилга”-ыг хүлээж авахаар шийдвэрлэсэн. ҮБХ нь үүнийг ёсчлов. Харин одоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн PLAYTIME-ийн гол цаг! Тиймээс өнөөдөр (2024.07.08) АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нартай 2024-2028 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Үүнийхээ дараа шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барив. Эрх баригч хүчнийхэн энэ талаар “Л.Оюун-Эрдэнэ эхлээд МАН-ын Удирдах зөвлөлд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийхээ талаар танилцуулж хэлэлцүүлэх ёстой байсан. Гэвч алгасаад УИХ-ын даргад өргөн барьчихлаа. МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулах зар түгсэн. Хэзээ хуралдах нь тодорхойгүй байна” гэсэн байр суурьтай байна. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ баяр наадмын өмнө амжиж танхимаа бүрдүүлэхээр яарч буй бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монголын эдийн засгийн форумын үеэр нэгэн гоц мэдэгдлийг хийв. “Мөнхийн эвслийн Засгийн газартай байх тогтолцоотой боллоо, одооноос”! Эрх баригч хүчний тэргүүн гадаад, дотоодын зочдын өмнө ийнхүү мэдэгдсэн нь форумд оролцсон гадаадын төлөөлөгчийг уулга алдахад хүргэлээ. Мөнхийн эвслийн Засгийн газар… Мөнхийн Ерөнхий сайд… Танил үг байгаа биз. Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев өөртөө өгч байсан “өргөмжлөл” нь-“Мөнхийн Ерөнхийлөгч”. Харин Монголын улс төр дэх 1980 оны төлөөлөл болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлж ч амжаагүй байхдаа дээрх мэдэгдлийг хийсэн нь олон нийтийн дунд “Дарангуйлагч болох замдаа ийнхүү оров уу” гэх хардлагыг үүсгэлээ. Түүнийг Ерөнхий сайдаар улираан томилох эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хүн зорилгодоо хүрэхийн тулд ямар үйлдэл хийж буй нь хандлагаас нь харагддаг” гэх утгатай эвгүй үгийг унагасан. Сонгуулийн үеэр ард түмнийг талцуулсан хар ПР явуулсныг нь ч хатуухан сануулсан. Үнэхээр ч Л.Оюун-Эрдэнийн медиа багийнхан ард иргэдийн тархийг өдөр бүр криминал цувралуудаар угааж, алуурчныг айлын хойморт залж, авлига, улсын нууц задруулсан гэх мэт хэргүүдээр шүүхээс ял сонсож байсан нөхдүүдээр суртал ухуулга явуулж байсан нь худлаа биш. Үүнийг харсан, мэдэрсэн иргэд “Хамгийн аймшигтай нь Л.Оюун-Эрдэнэ засгийн эрх барьж буй энэ цаг үед ард түмний оюун санаа ёроолдоо тултал уналаа” хэмээн эмзэглэж байна.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын хоршил улс төрд хэдийнэ бий болсон. Л.Оюун-Эрдэнийг Монголын улс төрийн “ХААН” сэнтийд дахин залах сонгуулийн зургийг зураач Х.Баттулга гаргалцаж, найруулагч ах нь дэглэлцэж өгсөн гэдгийг жирийн иргэн ч гадарлахтайгаа. “Тамгагүй төр”-ийн бригад хэвлэл, сошиалыг мөнгө, тролл армийн хүчийг харуулсан. Өнгөрсөн сонгуулийн үеэр явуулсан үндэсний эв нэгдлийн эсрэг гэмээр криминал ПР-ийг нь улс төрийн хүрээнийхэн “Москва төсөл” хэмээдэг. Л.Оюун-Эрдэнийн сөрөг ПР-ийн гол дүр болсон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ сонгууль бол Монголын хувь заяаг шийдэх сонгууль. Монголчуудын хувь заяаг монголчууд өөрсдөө мэдэх үү, Москвагаас шийдэх үү гэдгийг шийдвэрлэх тун эгзэгтэй сонгууль” хэмээн олон нийтийн сүлжээнд сэрэмжлүүлж байв. Харин одоо Л.Оюун-Эрдэнийн ялалттай Х.Баттулгын ялалт бас давхцаад байна. УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө Х.Баттулга хангайн бүсэд нэр дэвшигчидтэй уулзахдаа “Иргэдийн зээлийг тэглэнэ” гэж мэдэгдэж байсан. Түүнээс ийнхүү “адис” хүртсэн хангайн бүсэд нэр дэвшигч АН-ын есөн гишүүнээс долоо нь ялалт байгуулж, Х.Баттулга өөрөө төвийн бүсээс ганцаараа ялалт байгуулсан. Сонгинохайрханаас Н.Алтанхуяг мөн ганцаараа… МАН-аас АН-д “бэлэглэх” сайдын найман суудал бараг тэр чигээрээ Х.Баттулгын фракцийнх болж мэдэхээр байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлэх Засгийн газар 16 яам, 22 сайдтай болно. Сайдын марафонд тэргүүн эгнээнд жагссан гишүүдээс харвал, олонхи нь Х.Баттулгын фракцийнхан. Тухайлбал, Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг, Гэр бүл, хүний хөгжлийн сайдаар Ц.Тувааныг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Х.Баттулгын зөвлөх асан, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханыг, Батлан хамгаалахын сайдаар Х.Баттулгын нутаг нэгт Д.Ганбатыг томилох тухай мэдээлэл бий. Харин Лу.Гантөмөр өөрөө Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Ц.Баатархүү Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болохоор марафоны тэргүүн эгнээнд яваа. Гэвч эдгээр кандидатыг танхимдаа сайдаар ажиллуулах эсэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэднэ. Жорж Оруэллийн “1984” зохиолд Шударга ёсны яам, Хайрын яам нэртэй содон нэртэй яамдын тухай өгүүлдэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг гаргахдаа энэ зохиолоос санаа авав уу гэмээр дүр зураг ч харагдана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар өнгөрсөн нэгдүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичиг байгуулсан. Энэ үеэр Лу.Гантөмөр “Нийгэм, эдийн засгийн байдлыг дүгнэхэд, Монгол Улс бүхэлдээ даргын улс болжээ. Даргын улс гэхээр авлига руу гулсаж орох магадлал өндөр” хэмээн мэдэгдэж байсан бол өдгөө тэрбээр намын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, Л.Оюун-Эрдэнийн танхимын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болж мөнөөх “Даргын улс”-ынхаа нэг эрх мэдэлтэн болох нь тодорхой боллоо. МАН-ын даргатай хамтран Засгийн газар байгуулж “Дарга улс”-ыг улам дархан эрхтэй болголцох гэж буй Лу.Гантөмөр хяналттай төр байгуулах гэж АН-д саналаа өгсөн иргэдийн итгэлийг АН-ынхаа ирээдүйтэй хамт ийнхүү найман сайдын суудлаар наймаалцлаа.
Эх сурвалж: Analiz.mn С.Тулга