Х.Нямбаатар: Нийслэлчүүд цахилгаан, дулаанаар дутахгүй
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор нийслэл хотын эрчим хүч, дулааны талаар яригдаж эхэллээ. Энэ өвөл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй, цахилгаан, дулаанаар дутагдахгүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж байна.
Учир нь 10 дугаар сарын эхэнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай эхний блок ашиглалтад орно. Мөн 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын нээлттэй тендерийг зарлаад байна. Уг станцыг мөн ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулах юм. Ингэснээр нийслэлд дутагдаад буй 200 мВт-ын эрчим хүчийг нөхнө гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Н.Мандуул мэдээллээ.
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулан санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Энэ талаар “Улаанбаатар метро” төслийн эхний шат буюу зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан нээлт дээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас тодруулахад, “Бид 600 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Энэ хөрөнгийг зөвхөн Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээнд зарцуулна” гэсэн юм. Нэг ёсондоо нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг хангахад хэрэглэх хөрөнгө оруулж байна гэв.