Парисын олимпод оролцож буй тамирчдаас 40 гаруй нь коронавирусийн халдвар авчээ

Дэлхий даяар вакцины тогтоосон дархлааны нөлөө арилж буйтай холбоотойгоор коронавирусийн халдвар нэмэгдэж эхэлснийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал Парисын олимпын наадамд оролцож буй тамирчдын дотроос 40 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Британийн тамирчин Адам Пити 100 метрийн зайн мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медаль авсныхаа маргааш Covid-19 туссанаа мэджээ.

Австралийн медалийн найдвар Лани Паллистер мөн халдвар авсны улмаас эмэгтэйчүүдийн 1,500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцож чадаагүй байна.

Дэлхийн 84 улсаас цуглуулсан тоо баримтаас коронавирусийн халдвар тархалт сүүлийн хэдэн долоо хоног тасралтгүй өсөж байгаа нь харагдсан тухай ДЭМБ-ын халдварт өвчний бэлэн байдал, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан захирал Мариа Ван Керхове өчигдөр мэдээлжээ.

Дэлхий дахинд Covid-19 халдварын шинжилгээний хариу эерэг гарах дундаж хэмжээ 10 хувь байгаа бол Европ тивд 20 гаруй хувьтай байгаа юм байна.

“Хэдийгээр улирал нь биш боловч дэлхийн олон оронд коронавирусийн халдвар тархалт нэмэгдэж байна. Олимпын наадмыг ч энэ байдал тойрсонгүй, 40 гаруй тамирчны шинжилгээний хариу эерэг гараад байна” гэж Керхове ярьжээ.

ДЭМБ халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг Парисын олимпын наадмыг зохион байгуулагчидтай хамтран зохион байгуулж буйг тэр бас мэдээлсэн байна.

“Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид вакцинаар тогтсон дархлаа эрчимтэй унаж байгааг харж байна. Ялангуяа хамгийн эрсдэлтэй хоёр бүлэг болох эрүүл мэндийн салбарын ажилтнууд, 60-аас дээш насныханд энэ үзэгдэл илүү их ажиглагдаж байна. Үүнийг яаралтай зогсоох шаардлагатай” гэж Керхове хэлжээ.

Тиймээс ДЭМБ сүүлийн 12 сарын дотор вакцины нэмэлт тунд хамрагдаагүй бол хамрагдахыг эрсдэлтэй бүлгийнхэнд уриалж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *