Н.Учрал: Аймаг, сумд цаасаар бус цахимаар харилцдаг болно
Засгийн газрын өнөөдрийн /2024.08.07/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, “Хэрэг эрхлэхийн сайдын хувьд салбаруудын уялдааг хангуулах нь нэн тэргүүний ажил. Цаасгүй төрийг бий болгох нь чухал. Өнөөдөр “e-cabinet 2.0” гэдгийг нэвтрүүлж, Засгийн газрын хуралдааныг зохион байгууллаа. Цаашдаа нэгдсэн “ERP”-тай болно. Аймаг, сумд цаасаар бус цахимаар харилцдаг болно. Цомхон, бүтээмжтэй төрийг бий болгоно.
Төрийн албаны зохион байгуулалтыг шинэчлэхээр олон улсын сайн зөвлөх үйлчилгээнүүдэд саналыг хүргүүлсэн. Ерөнхий сайдын үүрэг шууд сайд нарт хүрдэг, сайд нар холбогдох албан тушаалтанд шууд даалгадаг бүтэц бий болж байна. Бидний хамгийн тулгамдаад буй асуудал бол нийслэлийн асуудал, түгжрэлийн асуудал. Гурван намын хамтарсан засгийн газар үүний тулд байгуулагдсан. Үндэсний эвсэл, ИЗНН-д саналаа хүргүүлсэн. Тодорхой мөрийн хөтөлбөрүүд дээр ямар санал тусгахыг нь сонсоно. Германд очсон үеэр намуудынх төлөөлж буй яамдуудтай уулзсан.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАН-ы заалтууд дээр төвлөрсөн. Эдийн засаг тал дээр АН-ын заалтуудыг удирдлага болгосон. ХҮН нам өөрөө засаглалын бодлого, гадаад худалдаа, боловсролын шинэчлэл, эрчим хүчний реформыг удирдлага болгосон.
Ард түмэн хяналтаа тавина. Эвслийн засгийн газрын гэрээнд ард түмэн хяналтаа тавина, үнэлнэ. Дараагийн УИХ-ын сонгуулиар тухайн нам аль салбарыг удирдаж байсан юм, сайжирсан уу гэдгээ үнэлүүлдэг байх болно.Улс төрийн намууд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголоо ирэх Даваа гаригт танилцуулж, гэрээгээ зурна” гэлээ.