БНСУ-д хэрэглэгддэг чанартай эмийг улсын хэмжээнд хэрхэн хангах шийдлийн талаар ярилцлаа
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Чой Жин Вон болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын харилцаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж байгааг онцолж, манай улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.
Тэрээр Монгол Улсад эмийн чанар, үнийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаагаа танилцуулж, тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. БНСУ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг юм.
Түүнчлэн иргэдийн БНСУ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах саналтай байгаагаа эрхэм Элчин сайдад хүргүүлэв.
Элчин сайд Чой Жин Вон Сайд Т.Мөнхсайханд хандан УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж, салбарын хүн Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд талархалтай байгаагаа илэрхийлэв. Тэрээр манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, чадавхжуулах, БНСУ-аас чанарын шаардлага хангасан эмийг Монгол Улсад нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлийн стандартыг нутагшуулах зэргээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх төдийгүй Сайдын хэлсэн саналыг ажил хэрэг болгох чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.