Ляонин мужийн балетын театр Монгол Улсад гала концерт тоглоно
БНХАУ-ын Ляонин мужийн балетын театр Монгол Улсад анх удаа Гала концерт тоглохоор болжээ. Тус тоглолтод П.И.Чайковский “Хунт нуур” балетын адажио, Мартин Чайкс “QI XI” Пe дe дe, Ж. Шнейцхоффер “Сильфида” балет, Рикардо дриг “Harlequinale” Па дe дe, Крис Бабида “Жасмин цэцэгс”, П.И.Чайковский “Щелкунчик” балетын па дe де, Сайнхо намчылах “Хайр ба итгэл”, Карлос Пино Кинтана “Тэнгэрийн бүжиг” зэрэг сор болсон уран бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулахаар бэлтгэж байна. Гала концерт 2024.08.24,25-ны өдрүүдэд 17 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. 12-оос дээш насны сонгодог урлаг сонирхдог бүх хүнд нээлттэй байх бөгөөд тоглолтын 120 минутын хугацаан үргэлжлэхээр төлөвлөгджээ.
Дэлхийн сонгодог болон Хятад үндэсний онцлогийг агуулсан балетын бүтээлүүдийг туурвидаг Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын алдартай балетын театруудын нэг юм. Өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын бүжигчид дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн амжилтын эзэд болсон байна. Тус балет театр нь байгуулагдсан цагаасаа хойш “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Сильфида”, “Дээрэмчид”, “Дон Кихот” зэрэг дэлхийн сонгодог 20 орчим балетын бүтээлүүдийг тайзнаа тоглоод байна. Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон улсад идэвхтэй хамтран ажиллаж “Шинэ сонгодог”, “Хунт нуур” балетын шинэ хувилбарыг зууны бүжигчин Малаховтой хамтран найруулж, “Эрвээхэй” модерн балетын бүтээлүүдийг тоглосон байна.