|

П.Сайнзориг: Энэ жил авто зам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр зам засварын ажил хийнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.

-Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр/өчигдөр/ зарлалаа. Нийтдээ хэдэн төгрөгийн өртгөөр ямар ажлыг хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэх юм бэ?

-Метроны асуудал олон жил яригдсан. Энэ хугацаанд хэд, хэдэн оролцогч тооцоо судалгааг хийсэн. Үүнээс хамгийн эцсийн байдлаар Японы ЖАЙКА байгууллага эдийн засгийн тооцоо судалгааг нь хийж өгсөн байдаг. Уг тооцоон дээр үндэслээд бид эхний ээлжид 17.7 километр урт, 14 зогсоолтой, цагт 10-12 мянган хүн тээвэрлэх боломжтой, Амгалангаас Толгойт чиглэлд Энхтайваны өргөн чөлөөг дагасан шугамыг барьж байгуулах ажил эхэлж байна. ЖАЙКА-гийн судалгаагаар нээлттэй сонгон шалгаруулалтаар явбал энэ төсөл 1.3 их наяд ам.доллар, ЖАЙКА өөрөө хийвэл 1.7 их наяд, олон улсын компаниудтай хоршиж, өөрсдөө тоног төхөөрөмжөө аваад хийвэл 1.5 их наяд ам.долларын өртгөөр барина гэсэн. Тиймээс бид 1.3 их наяд ам.доллар буюу олон улсад нээлттэй тендер зарлах байдлаар хийе гэсэн. Бидэнд метро барьж байсан туршлага байхгүй учраас хяналт тавих, техникийн шийдэл дээр зөвлөлдөх, өртөг зардлыг өсгөхгүй байх дээр анхаарах, ажлууд технологийн дагуу хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавиулахын тулд зөвлөх үйлчилгээ авахаар болсон. Ер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй энэ мэт томоохон төслийн зөвлөх үйлчилгээ нь төслийн өртгийн 4-6 хувь байдаг юм байна. Тиймээс зөвлөх үйлчилгээ авах олон улсын тендерийг эхний ээлжид зарлаж байгаа юм. Ингэсний дараа шалгарсан компанитайгаа зөвлөлдөөд барьж байгуулах компанийг шалгаруулах тендерийн бичиг баримтыг боловсруулж, тавдугаар сарын сүүлээр зарлана. Цаад талын хугацаа есдүгээр сар гэхэд метро барьж байгуулах компани шалгарчихна гэж үзэж байгаа.

Тэгэхээр байршлын, геологи, гидрогеологийн судалгаанууд, газар чөлөөлөлт, туннел ухах машинаа суурилуулах, бараа материалаа татах зэрэг бэлтгэл ажлуудыг энэ жилдээ хийгээд барилгын ажлыг эхлүүлнэ. Дээр хэлсэн ЖАЙКА-гийн судалгаагаар 6.6 километр нь туннел, бусад нь гүүрэн байгууламжаар явна. Үүнийг 10 жилийн өмнө хийсэн. Харин бид зөвлөх үйлчилгээний багтайгаа ярьж байгаад шийдлийг нь эцэслэнэ. Метроны төсөл нийтдээ таван жил үргэлжилж, 2029 он гэхэд метротой болно гэсэн итгэл найдвартайгаар ажлаа эхлүүлж байна.

-Уг төслийн зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээр тооцсон бэ?

-Өмнө нь шийдвэр гаргах түвшний хүмүүс метро барина л гээд байсан болохоос биш шийдвэр гаргаж өгөөгүй. Харин энэ удаад Засгийн газар уг асуудлыг дэмжиж, түүхэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот метрогоо өөрөө барьж байгуулах, энэ хугацаанд нь улсын төсөвт нийслэлээс төвлөрүүлдэг орлогыг багасгана гэсэн амлалт өгсөн. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар баталгаа гаргаж өгнө. Ингээд өчигдөр/уржигдар/ НИТХ хуралдаж, энэ жилийн зөвлөх үйлчилгээний санхүүжилтэд 54.6, метроны барилга угсралтын ажилд 333 тэрбум төгрөгийг баталсан. Үүний адил цаашдаа жил жилд гүйцэтгэлээр нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлээд явна гэж үзэж байгаа. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Энхтайваны өргөн чөлөө дагасан барилга байгууламж өмчлөгч эзэдтэй хамтарч газар доогуур худалдааны төвүүдийг холбох, шинээр байгуулах, метро дагасан зар сурталчилгаа зэргээс 200-300 сая ам.долларын орлого олохоор төлөвлөж байгаа. Тэгэхээр метрог зөвхөн нийтийн тээвэр гэхээс илүү эдийн засгийн том боломжууд гарч ирнэ гэж харах хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдийн амьдралын хэмнэлд ч зөв дадал бий болгоно.

-Боловсон хүчний асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Хамгийн чухал асуудал. Тиймээс одооноос эхлээд л боловсон хүчний асуудлыг зэрэгцүүлээд явах ёстой. Манай улсад метро байгуулахад ажиллаж байсан иргэд маш ховор, бусад оронд ажиллаж байгаа цөөн тооны залуус бий. Метроны чиглэлээр номын дуу сонссон 10-аад хүн байна. Зам тээврийн хөгжлийн яам, нийслэлээс эхнээсээ хүмүүсээ сургаад эхэлсэн. Энэ ажил цаашдаа ч хийгдэнэ. Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний стратегийг бид олон улсын байгууллагаар хийлгэж байгаа. Үүнд механикжсан тээврийн хэрэгслээс гадна унадаг дугуй, явганаар зорчих байдлыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг давхар шийдэх ёстой. Ингэж байж иргэд маань ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ хүрээнд явган хүний зам талбайг сайжруулах асуудал ярьж байна. Мөн дүүжин тээврийн ажил зэрэгцээд эхэлсэн. Энэ 10 дугаар сард барилга угсралтын ажил дуусах тооцоотой. Гэхдээ жигдрүүлэх хугацаа нь зургаан сар байдаг. Тиймээс ирэх хавраас дүүжин тээвэр ашиглалтад орно. Энэ мэтчилэн нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг иж бүрнээр нь харж байна. Тиймээс төлөвлөлтөөс нь эхлээд боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй. Цаашдаа метрог аль байгууллага бодлогын хувьд, аль нь хэрэгжүүлэлтийн хувьд авч явахыг шийдэх хэрэгтэй болно. Дээрээс нь хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ.

-Метро, дүүжин тээврийн чиглэлийг хэрхэн сонгосон бэ. Зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байх шиг байсан?

-Амгалангаас Толгойт чиглэлийг сонгосон нь эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй. Учир нь Улаанбаатар хотын өөрийнх нь онцлогтой холбоотой. Өргөөшөө сунаж тогтсон хот учраас үүнийгээ дагаад суурьшлын бүс, хүн амын нягтаршил байдаг. Тиймээс Энхтайваны өргөн чөлөө дагуу зорчилт хөдөлгөөний эрэлт хэрэгцээ байгаа. Тэгэхээр энэ шугам өөрөө өөрийгөө аваад явах хамгийн боломжтой учраас сонгосон. Хоёрдугаарт, метроны шугам баригдсанаар тэр дагуух үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өснө. Харин дүүжин тээврийн хувьд өөр чиглэлд хийх гэхээр газар чөлөөлөлтөөс эхлээд асуудал их бий. Ингэх ёстой гэсэн бодлууд байж болно. Гэхдээ Яармагаас Хархорин чиглэлийн дөрвөн километр дүүжин тээвэр тавигдсанаар Энхтайваны өргөн чөлөөнд байгаа нийтийн тээвэр, метротойгоо холбогдоно. Тээврийн хэрэгслийн холбооснууд маш чухал. Бүх тээврийн хэрэгсэл зэрэгцээд яваад байж болохгүй.

-Метро барьснаар түгжрэлийг хэр хэмжээнд бууруулах вэ. Мөн метро ашгаа хэдий хэр хугацаанд нөхөх вэ?

-ЖАЙКА-гийн 2013 онд хийсэн судалгаагаар метро 600 төгрөгөөр үнээ тогтоовол ашигтай гэж байсан. Түүнээс хойш үнэд олон хүчин зүйлүүд нөлөөлөхөөр байгаа. Магадгүй эрчим хүчний бага зэрэг өсөлттэй байгаа нь ч нөлөөлнө. Тийм болохоор 600 төгрөгийг жаахан нэмэх үү гэдгийг бид тухайн үед нь шийднэ. Хэдэн буудал нь 600 төгрөг байх юм. Эсвэл Амгалангаас Толгойт хүртэл 1000 төгрөг байх уу гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэн шийдэх учиртай. Ер нь метро яг энэ шугамаараа зардлаа нөхөх бүрэн боломжтой. Харин дараа дараагийн шугамуудыг хэрхэх талаар бид бодож байгаа. Хоёр дахь шугамыг босоо буюу Долоон буудлаас Яармаг, мөн нэг, хоёрдугаар шугамаа холбосон тойрог шугам хийнэ. Мөн Таван шараас Нисэх, цаашаа Хөшигтийн хөндий хүртэл байна. Яагаад гэхээр Хөшигтийн хөндийг дагасан хэд хэдэн бүтээн байгуулалт бий. Энэ хавраас Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчныг оруулж байгаатай ч холбоотой.

-Метро ашиглалтад ортол таван жилийн зай байгаа юм байна. Тэгэхээр нийтийн тээврийн салбар яг одоо ямар байдалтай байгаа вэ. Автобусны хүрэлцээ, жолооч нарыг нэмэгдүүлэх дээр нийслэлээс ямар ажлууд хийх вэ?

-Хувийн болон орон нутгийн өмчит автобус компаниудад ажиллаж байгаа нийт жолооч нарын цалин 3.5 сая төгрөг болох шийдвэр өчигдөр/уржигдар/ албан ёсоор эцэслэгдсэн. Биднээс шалтгаалах санхүүгийн болон хууль эрх зүйн бүхий л зүйлс батлагдсан. Харин үүнийхээ дагуу бид жолооч нартаа шаардлага тавина. Энэ сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тавьж байсан программ хангамжийг өөрчилнө. UB смарт картыг орлож, сайжруулсан хувилбарыг тавина. Өөрөөр хэлбэл, карт уншилт болон бодит зорчилт хоёрыг тулгадаг, хяналт тавих камер болон программ хангамжийн системийг суурилуулна. Төлбөрөө төлдөггүй, бэлэн мөнгөөр явдаг хүмүүс зорчилтын тоонд ордоггүй учраас нийтийн тээврийн төлөвлөлт хийж болохгүй байгаа юм. Тиймээс бодит тоогоо гаргаж байж автобуснуудын маршрут, тоог гаргана. Нийслэлд өдөртөө 1000 орчим автобусыг үйлчилгээнд гаргадаг. Жолоочийн хүрэлцээ тааруу байсан. Тиймээс дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан 161 иргэнийг сургаж, автобусны жолооч болгосон.

-Өдөрт 1000 төгрөгөөр зорчих асуудал эцэслэгдчихсэн үү?

-Энэ шийдвэр маань ХЗДХЯ-нд бүртгэгдээд Захиргааны хэмжээний актын улсын эмхэтгэлд хэвлэгдээд хүчин төгөлдөр болно. Одоо бол 500 төгрөг боловч 30 минутын дотор дамжин суух ёстой байгаа. Харин үүнийг өдөрт дөрвөн удаа 1000 төгрөгөөр зорчих байдлаар шийдэж өгсөн. Мөн ирэх жилүүдээс оюутнуудын зорчилтыг ч бодолцож үзнэ. Орон нутгийн төсвөөс 100 хувь дааж байгааг хална. Дандаа үнэгүй байгаад байж болохгүй. Дээрээс нь ахмадуудын зорчилт дээр ч шийдэл гаргана. Яг бодит зорчилтыг нь харгалзана. Тухайн ахмад настны картыг 30 мянгаар цэнэглээд 10 мянгаар нь зорчсон байвал 20 мянган төгрөгийг нь буцаан татах байдлаар явахгүй бол тэр хүнийг зорчоогүй байхад нь 20 мянган төгрөгийг нь автобус компаниуд аваад байна.

-Энэ онд нийслэлд шинээр ямар, ямар зам тавигдах вэ?

-Авто зам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр л зам засварын ажлыг хийх төлөвтэй байгаа. Нарны зам зэрэг замын өргөтгөлийн ажлыг хийнэ. Гэр хорооллын холбоос замууд шинээр тавигдана. Содон хорооллын арын замыг гүйцээх ажлууд бас байна. Энэ жилдээ хоёр нүхэн гарцын ажил дуусна. Таван шарын төмөр замын гарам дээр очиж гацаад түгжрэл үүсдэг байдлыг арилгахын тулд нүхэн гарцаар гардаг болгож байгаа. Лабораторийн уулзвараас урагшаа төмөр зам доогуур нүхэн гарц гаргаж, Яармагаас давж ирэх гүүртэй холбоно.

-Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Цаашдаа нийслэл эрчим хүчний хэрэглээгээ хэрхэх вэ?

-Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 81 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 18 хувийг импортоор авдаг. БНХАУ-аас авч байгааг уул уурхайн компаниуд, Оюу толгой компани хэрэглэж байгаа. Харин ОХУ-аас зарим аймгууд болон нийслэлийн оргил ачааллыг дэмжих зорилгоор авч байна. Цаашдаа төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөх хандлага ч байна. Тиймээс эрчим хүчний асуудал дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг эхлүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Бөөрөлжүүтийн усан цахилгаан станцын төсөл дээр Улаанбаатар хот хамтран ажиллахаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн төсөл хэрэгжүүлэгч компани 300 мВт-ын хүчин чадалтай төслийг хэрэгжүүлж байгаа. Харин бидний сонирхол бол 600, болбол нэмэгдүүлэх боломжоор нь нэмж 900 болгох сонирхол бий. Ингэж эрчим хүчний асуудлаа шийдэж байж бид нийслэлийн тэлэлт, дагуул хотуудын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн паркууд, метроныхоо хэрэгцээ шаардлагыг хангах учиртай. Ер нь Бөөрөлжүүтийн төслийг хэрэгжүүлэгч компани 300-гаас дээш өргөтгөсөн тохиолдолд төрийн оролцоо шаардлагатай гэдгийг хэлж байгаа. Тиймээс бид яриа хэлэлцээрийг хийж байна. Бөөрөлжүүт Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай. Тэгэхээр төвийн эрчим хүчиндээ хоёр шугамаар холбоно. Нэг нь Багануурын дамжуулах станц, нөгөө нь Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа дэд станцаар дамжуулан хэрэглээнд оруулна. Эдийн засаг нэмэгдэж, уул уурхайн экспорт өсөж байгаа боловч түүнийг нь шингээж авах инженерингийн дэд бүтэц Монгол Улсын хэмжээнд хомс. Тэгэхээр бодлогын түвшинд асуудлыг авч үзэж, энэ мэт томоохон төслүүд дээрээ монголчууд маань дуу нэгтэй байх ёстой. Мөн нийслэлийн хувьд дулаан хангамжийн асуудал ч дутагдалтай. Улаанбаатар хотыг тойрсон хэсэгчилсэн 23 дулааны станц барих ёстой гэсэн шийдлийг бид гаргасан. Үүний есийнх нь ТЭЗҮ хийгдсэн, Эрчим хүчний яам хамтран ажиллаж байна. Бусдыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэсэн байр суурьтай байгаа. Холбогдох хуулийн төслийг боловсруулаад Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Мөн Дамбадаржаагийн дулааны станц баригдаж байгаа. Ирэх жил Дэнжийн 1000 орчимд газан дулааны станц барихаар газар чөлөөлөлтийн ажлыг нь хийсэн.

Эх сурвалж: “Өдрийн сонин”№40/7406/ 2024.03.01

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments