Э.Батшугар: Мөнгөний бодлого улсын төсөв уялдаж байж эдийн засгийн хэт халалтаас сэргийлж чадна
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, 2024 оны улсынтөсвийн тодотгол болон ЗГ-ын 2024-2028 оны үйлажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэлсэн билээ Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Өнөөдөр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцсэнтэй холбоотойгоор улсын төсвийн тодотгол орж ирж ирлээ. Төсвийн тодотгол, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцэж байна. Нийгэм, эдийн засгийн зохицуулах суурь бүтцүүдийн хөрөнгө оруулалт тавигджээ. Миний хувьд эрчим хүч болон дулааны хөрөнгө оруулалтуудыг нэгтгэж үзэхэд 3,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт монгол улс даяар хийгдэхээр болжээ. Мөн нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанар дээшлэх бололцоо бүрдсэн байна. Учир нь Солонго нэг, хоёр, шинэ тойрог зам, Туул голыг дагасан хурдны зам гэх мэт хөрөнгө оруулалтууд нь дөрвөн уулын дунд хавчигдсан Улаанбаатар хотыг урагшаа тэлэх боломж бүрдэх юм.
Эдийн засагч хүний хувьд санаа зовох нэг зүйл байгаа нь манай улсын мөнгөний нийлүүлэлт 42 их наяд төгрөгт хүрсэн, улсын төсөв 30 их наяд төгрөгийн зарлагатай байна үүний коэффициент 71 хувьтай байна. Тэгэхээр энэ дүн нь хөрвөх чадвар, бэлэн мөнгөний хомсдолд үүсэх өндөр магадлалтай байна. 30 их наяд нь засгийн газар, улсын төсөвтэй холбоотой, 10их наяд төгрөг нь цэвэр эргэлдэж байгаа мөнгө гэж харж болно. Энэ нь нэгдүгээрт төлбөрийн тэнцэл дээр тодорхой дарамт ирэх, Хоёрдугаарт инфляцын өдөөгч болдог. Үүнийг дагаад монгол банк мөчлөгийн эсрэг бодлого баримтлахын тулд бодлогын хүүгээ өндөр байлгах нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр зээлийн хүү өндөр байх нөхцөл үүсэж байна. Бид эдийн засгаа тогтвортой байлгах макро менежментээ хэрхэн хийх вэ, монгол банкны мөнгөний бодлого, төсвийн харилцааг яаж зохицуулах вэ. Хөгжиж буй улс орны мөнгөний бодлого болон төсвийг харахад 25-30 хувьтай, хөгжсөн улсуудыг харахад 10 хувиас доош байдаг. Зимбабве, Венесуэл, Монгол улсын хувьд 60 аас дээш хувийн коэффициенттэй байна. Ирээдүйд бид яаж мөнгөний бодлогоо төсвийн бодлоготой уялдуулж хэт халаахгүй, мөнгөний бодлогын хүү, зээлийн бодлогын хүүг бууруулах вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Таны ярьсан зүйл бол бидэнд тулгарч буй дараагийн дөрвөн жилийн гол сорилт юм. Эдийн засгийн өсөлтөөс үүсэж эдийн засгийн халалт болж улайссан төмөр шиг л явна. Энэ бүхнээс шалтгаалж мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх өндөр эрсдэл үүснэ. Тэгэхээр үүнийг уялдуулахын тулд эдийн засгийн өсөлтөд инфляцын өсөлтөө шингээж, үүнд таарсан мөнгөний бодлогыг баримтлах нь чухал юм. Бид зөвхөн инфляцыг онилоод эзийн засгийн өсөлтийг хумьж болохгүй. Тийм учраас төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулж явах нь чухал байгаа. Хоёрдугаарт эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг ярихад өмнөх дөрвөн жилийн хөрөнгө оруулалтыг давхар харах хэрэгтэй. Жишээ нь энэ жил зээл тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар тооцоход эрчим хүчний салбар хамгийн өндөр буюу 3,4 их наяд төгрөгийн санхүүжилттэй байна. Үүнээс зам тээврийн салбар хоёр их наяд төгрөг орчим байна. Эрчим хүчний салбарын асуудал бол хөрөнгө оруулалтын хэмжээнд биш олон жил хүчээр барьсан тариф юм. Энэ бол үе үеийн засгийн газрын хамгийн том асуудал болсон. Тиймээс үүнийг ойрын хугацаанд засгийн газар шийдэхээр ажиллаж байна.