ХЭҮК: Дэглүүлсэн гэх цэргүүдийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа
“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч дэглүүлсний улмаас хүнд гэмтэл авч Цэргийн төв эмнэлэгт мэс засалд орох гэж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Уг мэдээллийн дагуу ХЭҮК Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж ажиллажээ. ХЭҮК-оос мэдээлэл хийхдээ “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч дэглүүлсний улмаас эрүүл мэндэд хохирол учирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна гэх мэдээлэл ХЭҮК-т ирсэн. Энэхүү мэдээллийн мөрөөр бид нэн даруй Хил хамгаалах газрын ерөнхий дарга, хилийн цэргийн командлагч, ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл тайлбар авсан. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж ажилласан.
Өнөөдөр ХХЕГ-аас холбогдох мэдээлэл, тайлбар, баримтыг гаргуулахаар албан бичиг хүргүүлж байна. Цэргүүдийн эрүүл мэндийн оношийг нийтэд мэдээлэх боломжгүй. Гэхдээ цэргүүд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзлэг шинжилгээнд хамрагдсан. Өчигдрийн байдлаар цэргүүдийн эрүүл мэндийн байдал хэвийн. Өнөөдөр зохих эмчилгээ үйлчилгээг хийлгээд явж байгаа” гэсэн юм.