Өмхий махаар хоол хийсэн цэцэрлэгийн хоолыг шинжлүүлнэ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд долоо хоног муудсан махаар хоол хийж өгсөн гэх гомдлыг зарим эцэг эхчүүд гаргасан. Мэдээллийн дагуу албаныхан шалгалт хийж, тус цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, няравыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрсэн гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байв.
Энэ талаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээгээс тодруулахад, тус цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, няравыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Боловсролын яам болон нийслэлийн Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр цэцэрлэгт бүрэн шалгалтыг хийж байна. Гал тогоонд хийсэн хоолноос дээж авч, шинжилгээ хийлгэхээр өгсөн. Одоогийн байдлаар хоолноос хордлого авч, эмнэлгийн тусламж авсан гэсэн гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэв.