Импортын цемент, шилэн хөвөн, цонх хаалганы татварыг нэмнэ
УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраас импортын цементийн татварыг 20-оос таван хувь болгон бууруулсан. Импортын цементийн татварыг бууруулсан гол шалтгаан нь Засгийн газраасорон сууцны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр барилгын салбарт 10.3 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан явдал. Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг дагаад барилгын гол түүхий эд болох цементийн хэрэлт, хэрэгцээ нэмэгдсэн байна. Иймээс гадаадын цементийн импортын татварыг багасгаж, түүхий эдийн үнийг тогтворжуулах зорилготойгоо Засгийн газраас мэдээлж байсан юм.
Монгол Улс жилдээ 2.3 сая тонн цемент хэрэглэдэг. Хэрэглээнийхээ 12 орчим хувийг импортолдог бөгөөд 2024 оны наймдугаар сарын байдлаар 146 мянган тонн цемент оруулж иржээ.
Барилгын үндсэн бүтээц болон бетон зам, хучилт, өрлөг, далан суваг, усны хоолой, хамгаалалтын түшиц хана, төмөр бетон эдлэл, бетон зуурмаг үйлдвэрлэхэд цементийг орц нормын дагуу ашиглах ёстой. Хямд, муу материалаар барилга барих нь гамшигт тэсвэргүйн дээрх олон хүний амийг авч одох эрсдэлтэй. Энэ утгаараа хямд цементээс сайн чанарын цементийг импортлох нь чухал юм.
Тиймээс салбарын яамнаас импортын цементийн чанарыг шалгажээ. Шалгалтын явцад Хятадаас орж ирсэн цемент стандартад нийцээгүй,мөн гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээний бичиг байгаагүй гэх зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн цементийг үйлдвэрлэснээс хойш 60 хоногийн дотор хэрэглэхээр тооцож хадгалдаг. Хэрэв энэ хугацаанаас хэтэрвэл цементийн идэвхжил буурч, чанарт нь өөрчлөлт ордог аж.
“ЦЕМЕНТИЙН ТАТВАРЫГ 20 ХУВЬ БОЛГОНО”
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригийн өгсөн мэдээллээр ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс цементийн татвар эргээд 20 хувь болох аж.
Мөн шилэн хөвөн, цонх, хаалга зэрэг барилгын 30-аад нэр төрлийн импортын татварыг үе шаттай саналаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас гаргасан байна.
“Импортын бүтээгдэхүүний татварыг нэмэхэд манай яам дангаараа шийддэггүй. Засгийн газрын хуралдаанаар шийддэг. Бүтээн байгуулалтын ид үед цементийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, импортын татварыг бууруулсан. Ямартаа ч оны эхнээс цементийн үнэ буурсан” гэх мэдээллийг Д.Батзориг өгсөн.
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улс 34.5 сая долларын үнийн дүн бүхий цемент, цементэн бүтээгдэхүүн импортоор авсны 98 хувийг Хятад улс дангаар нийлүүлжээ. Үүний дараагаар Япон улсаас 102 мянган долларын үнэ бүхий асбест цементэн бүтээгдэхүүн авсан байна. Харин Орос улсаас импортын цемент, цементийн бүтээгдэхүүний 0.2 хувийг нийлүүлжээ. Өнгөрсөн онд Монгол Улс нийт 255 мянган тонн цемент импортоор оруулж ирсэн байна.
Импортын цементийн татварыг нэмэх нь орон сууцны үнийг өсгөх нэг шалтгаан болно. Гэхдээ ипотекийн зээл болон зах зээлд нийлүүлж байгаа төгрөгөөс үүдэлтэй хөөсрөлт хамгийн үндсэн шалтгаан болж байна.