Теле камерын тусламжтайгаар эхний есөн сарын байдлаар 1652 гэмт хэрэг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас мэдээлэл, дүн шинжилгээнд суурилан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчныг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой камержуулж хуулийн хэрэгжилтийг хангах, теле камерын хяналтын дэд төв байгуулах “Ногоон бүс” төслийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Уг төслийн I шатыг 2023 онд нутгийн захиргааны байгууллагатай хамтран, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийг бүрэн камержуулж, теле камерын хяналтын дэд төвийг байгуулахад гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл 48,6, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41,9 хувиар өссөн эерэг үр дүн гарсан.
II шатанд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг нийслэлийн дүүргүүдийн 12 хороог сонгон энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс нэг сарын хугацаатай “Нэг хороо-Нэг сар” арга хэмжээг зохион байгуулж аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр шинээр 1714 камер байршуулсан. Дээрх үр дүнд үндэслэн 2024 онд Улаанбаатар хотыг аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр бүхэлд нь, ирэх оны II дугаар улиралд 21 аймгийн сум, багийг бүрэн камержуулах хуваарь гаргаж, 21 аймаг, 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар аймаг орон нутагт 20,526, нийслэлд 29,763, нийт 50,289 камерыг байршуулсан нь олон улсын камержуулалтын стандарт, хүрэх түвшингийн 66,5 хувьд хүрсэн байна.
2024 оны эхний 9 сарын байдлаар теле камерын тусламжтайгаар 1652 гэмт хэрэг илрүүлж, 525 гэмт хэрэг үйлдэл дээр нь таслан зогсоож, 8393 зөрчлийг илрүүлж 878 зөрчлийг мөн үйлдэл дээр нь таслан зогсоох эерэг дүн үзүүлсэн. Алга болсон, төөрсөн 200 хүүхдийг камерын тусламжтайгаар илрүүлсэн.