Маргааш Бурхан багшийн эхийн ачийг хариулсан онцгой дүйчин өдөр
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22-ны өдөр тохиодог юм. Энэ өдөр нь аргын тооллоор аравдугаар сарын 23-ны өдөр тохиож байна.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.
Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ.Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.