О.Алтангэрэл: Хил хамгаалах ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлд анхаарна

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.11.06) яамны удирдлагын багийн хамтаар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.
Монгол Улсын дархан хилийг хамгаалах онцгой үүрэг бүхий Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд дэвшил гарч байгааг сайд онцлоод цаашид хил хамгаалах ажиллагааны камерын хяналтыг сайжруулах, дрон ашиглах зэрэг дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх чиглэлд анхаарна гэж мэдэгдэв.
Мөн хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч буй. Тодруулбал:
Нэгдүгээрт. 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хил хамгаалах салбарын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдэл цалингийн хувийг нэмэгдүүлэхээр болсон.
Хоёрдугаарт. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмэгтэй алба хаагчдад цолны нэмэгдлийг олгох чиглэлд судалгаа хийж байна.
Гуравдугаарт. Хилчдийн хүүхдийн боловсролын асуудлыг анхаарч, алба хаагчдын ахлах ангид сурч байгаа хүүхдүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх тусгай хөтөлбөр боловсруулж байгааг дуулгалаа.
Цаашид хил хамгаалах үйл ажиллагааг сайжруулах талаар алба хаагчдын санал санаачилгад нээлттэй хандаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилж байхыг салбарын сайдын зүгээс Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад чиглэл болголоо.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Л.Батмөнх, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа, ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн, ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, ХХЕГ-ын Хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын дарга, хурандаа Ш.Баатарсүх, ХХЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Ц.Чойжилсүрэн, ХХЕГ-ын Хүний нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга, хурандаа О.Батгэрэл нар байлцлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *