Т.Доржханд: Бид эрчим хүчний реформоо амжилттай үргэлжлүүлж байна
Эрчим хүчний үндэсний хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд “Эрчим хүчний шинэчлэлийн талаар бодитой мэдээлэл өгье. УИХ-аар ирэх төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор зөрүүтэй мэдээлэл явж байна.
Монгол Улс хамтарсан Засгийн газар байгуулсан. Гол зорилго нь 34 жил шийдэж чадаагүй томоохон асуудлуудаа шийдвэрлэх, эдийн засгийн төслүүдээ бодитой хэрэгжүүлж, реформ хийхээр бид хамтарсан. Эдийн засгийн реформын суурь нь эрчим хүчний реформ. Эрчим хүчгүй бол хөгжил гэж байхгүй. Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Гэвч 34 жилийн хугацаанд эрчим хүчний шилжилт, реформ хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. Бид эрчим хүчний реформоо амжилттай үргэлжлүүлээд явж байна. Хүмүүс эрчим хүч экспортолно гэхээр эргэлздэг. Өөрсдийнхөө дотоод хэрэгцээг хангах нь илүү чухал биш үү гэдэг. Тэгвэл баяртай мэдээ дуулгая.
Монгол Улсын эрчим хүчний экспортын ажил эхлээд явж байна. Ерөнхий сайдын Саудын Араб, Эмират, Бахрейн улсуудад хийсэн айлчлал маш амжилттай болсон. Бид өчигдөр айлчлалаа дуусгаад ирж байна. Энэ хүрээнд ногоон эрчим хүчний салбарт Саудын Арабын “Acwa power” компани, Эмиратын компани хөрөнгө оруулалт хийе гэдгээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болсон. Дэлхийн 10-т ордог тоглогчид хөрөнгө оруулахаар болж байна.