ҮСХ: Төлбөрийн тэнцэл 257.4 сая ам долларын алдагдалтай гарлаа
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний арваннэгэнсарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил” Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувь гарсны 2.1 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.
Тухайлбал,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь),
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин төлбөрийн тэнцэл 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 257.4 сая ам долларын алдагдалтай гарсан байна. Тухайлбал, урсгал данс 2023 оны эхний 10 сард 289.3 сая ам долларын ашигтай байсан бол 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам долларын алдагдалтай гарчээ.
Үүнд,
- Бараа худалдааны ашиг 2.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буурсан
- Үйлчилгээний тэнцэл 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 149.9 сая ам.доллароор
- Анхдагч дансны орлогын алдагдал 2.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 534.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин санхүүгийн дансны тэнцэл 2024 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх жилийн мөн үеэс 1.4 тэрбум ам доллароор өссөн байна. Үүнд, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дансны тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх оны мөн үеэс 618.1 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Мөн багцын хөрөнгө оруулалтын дансны ашиг 319.2 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ.
Аж үйлдвэрийн салбарын тухайд нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 29.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлолт 1.5 их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 132.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (7.8%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.2 (14.5%) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 410.4 (4.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна” хэмээн мэдээллээ.