|

Танд татгалзах эрх бий…

Жил бүрийн арванхоёрдугаар сард монголчууд нийтээрээ баярын уур амьсгалд шилждэг. Мөн байгууллага, хамт олноороо ажлаа дүгнэж, амжилтаа тэмдэглэн баярлаж, хүлээн авалт зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааг хориглох боломжгүй, хянах  хүндрэлтэй ч зохист хэмжээнд зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас компаниудын удирдлага, шинэ жил зохион байгуулагчдад сэрэмжлүүлсээр байна. Учир нь баярын үеэр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь нас, эрүүл  мэндээрээ хохирох, гэмт хэрэгт өртөх эрсдэл нэмэгддэг болохыг статистик тоо баталж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэй хамтран  энэ оны  12 дугаар сарын 09-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацаанд “ХЭТРҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ” аян өрнүүлж буй.

ivoice.mn сайтын сурвалжлах  баг ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт ажиллаж, бодит нөхцөл байдлыг тандсан юм. Шөнийн 04:00 цагийн орчим биднийг очиход гэмтлийн эмнэлгийн хүлээн авах хэсэгт амьдрал эхэлж байна уу гэлтэй дүр зураг угтав. Шинэ жилээ тэмдэглэсэн болов уу гэмээр ганган хувцасласан нэгэн гадуур хувцасаа хаа нэгтэй мартжээ. Нөгөө талд нь хар даашинзтай залуухан эмэгтэй ухаангүй, толгой нүүр бүхэлдээ цус болсон байдалтай хүргэгдэж ирсэнтэй таарав. Дуудлагаар  очсон эмчийн хэлснээр тухайн эмэгтэй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ хянах чадваргүй болсны улмаас гудамжинд унахдаа ийн бэртсэн гэв.

Энэ мэт үйл явдал  үүрийн 4 цагаас  өглөөний 10 цаг хүртэл яаралтай тусламжийн тасаг дээр тасралтгүй үргэлжилдэг аж. Өнгөрсөн онд л гэхэд дээрх шалтгааны улмаас гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй хүн хэвтэж байна гэх 693, очих газраа мэдэхгүй байна гэх 2.627 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарт бүртгэгджээ. Түүнчлэн сүүлийн 5 жилд дунджаар 952, сард 79, өдөрт 2 хүн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр амь насаа алдсан гэсэн харамсалтай тоон мэдээ байна.

Иймд  иргэд та бүхэн хамгийн аз жаргалтай гэгддэг арванхоёрдугаар сараа архи согтууруулах ундааг тааруулан хэрэглэж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг уриалж байна. “Хэтрүүлээд хэрэггүй” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагаас төв, орон нутгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр нэгдсэн хяналт, шалгалт зохион байгуулж ажиллахаас гадна Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд 925 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар замын хөдөлгөөний хяналт шалгалт хийж байна.

Энэ мэтээр цагдаагийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг  зохион байгуулдаг ч амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх боломж гагцхүү таны гарт бий. Татгалзах эрхээ эдэлж, өөрийгөө хамгаалцгаая.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *