Ерөнхий сайд хууль зөрчин, иргэн бүрт ногдол ашиг тараажээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас ирсэн даруйдаа буюу өнгөрөгч баасан гарагт “1072 хувьцааны ногдол ашгаас ногдол ашиг иргэдийн дансанд өнөөдөр шилжүүлнэ” хэмээн мөнгө тараасан нь олны бухимдлыг төрүүлээд байна.
Утаа, тог цахилгааны асуудал ид халуун, иргэд бухимдалтай байгаа ч гэлээ санхүүгийн жил дуусаагүй энэ үед мөнгө тараасан нь “Компанийн тухай хууль”-ийг зөрчсөн үйлдэл болоод байна. “Компанийн тухай хууль”-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” хэмээн заасан байдаг. Гэвч санхүүгийн жил дуусаагүй байхад, баланс эцэслэн гараагүй байхад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаагүй байхад Ерөнхий сайд өөрийн эрх мэдлээ ашиглан ногдол ашиг тараасан нь тодорхой болоод байна.
1072 хувьцаатай иргэнд 121,500.48 төгрөг, 741 хувьцаатай иргэнд 83,984.94 төгрөг гэх мэтээр ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн бөгөөд зарим иргэд энэ мөнгийг авсандаа бухимдалтай байна. Ногдол ашгийн мөнгөнүүдээ нийлүүлж хандив өргөх, цахилгаан станц барих зэрэг санаачилгыг хүртэл дэвшүүлээд амжжээ. Иргэдийн зүгээс “Дансанд чинь орж байгаа 121 мянган төгрөг энэ өвөл хэрэглэх лаа, чүдэнз, газны чинь мөнгө шүү” хэмээн шоглосон нь ч нүдээ оносон шоглоом гэлтэй. Юутай ч гал намжаах зорилгоор мөнгө тараах үйлдэлд Монголын иргэд тайвшрахаасаа илүүтэй бухимддаг болсныг энэ үйлдлээр дамжуулан төрийн эрх мэдэлтнүүд харсан биз. Цаашлаад Засгийн газар нь, Ерөнхий сайд нь хууль зөрчдөг энэ байдалд хариуцлага тооцох нь шударга нийгмийг бүрдүүлэхийн эхлэл юм