Ч.Уртнасан: Томуугаар өвдсөн хүүхэд менингококкт өртөх эрсдэл 2-3 дахин өндөр байдаг

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасантай ярилцлаа. 

-Нийслэлд менингококкийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл байна. Хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ. Ямар хариу арга хэмжээ авч байна вэ?

-Менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. 10 настай хүүхэд. Өвчлөл нь цөөн тохиолдолд гардаг ч эндэгдэл, хүндрэл өндөртэй өвчин байдаг. Голомтод тархвар судалгаа хийн, өрхийн эмчийн хяналтыг тавин ажиллаж байна.

-Юунаас болж энэ өвчин үүсдэг юм бол?

-Менонгококт халдвар нь нянгаар үүсгэгддэг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин. Агаар дуслын халдвараар үүсдэг. Агаар дуслын халдварыг хоёр хуваадаг. Жижиг дуслын халдвар, том дуслын халдвар гэж. Жижиг дуслын халдвараар өвдсөн хүний ойр хавьд байгаа бүх хүн өвдөх эрсдэлтэй. Том дуслын халдвараар өвдсөн хүний хажууд 1 метр байгаа ойрын халуун ам бүл буюу байнга цуг байдаг хүмүүс нь өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Агаар дуслын халдвар хэдий ч тархалтын хувьд өндөр биш. Өвдөх эрсдэлтэй бүлэгт гэр бүлийнхэн, нэг ангид сурдаг хүүхдүүд, нэг ширээнд цуг хооллодог хүмүүс гэх мэтээр тогтоогддог. Тиймээс бид тухайн хүүхдийн ойрын хавьтлыг тогтоогоод, эмчийн хяналтдаа авчихсан байдалтай байна.

-Нэгэнт өвчлөл бүртгэгдээд эмчлэхэд хэр хугацаа орох вэ?

-Тухайн хүүхдийн биеийн онцлог, өвчний хүнд хөнгөнөөс хамаарна. Менингококкт халдвар нь маш хүнд өвчин, богино хугацаанд хүндэрч, нас баралтад хүргэх хүртэл аюултай. Аль болох эрт оношлуулж, тухайн өвчтөнд тохирсон эмчилгээ хийхгүй бол хүндрэл, нас баралтад хүргэх эрсдэлтэй, эдгэрэлт удаан өвчин.

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ юу вэ?

-Менингококкт халдварын эх уурхай нь өвчтэй болон эмнэлзүйн балархай хэлбэрээр өвдсөн хүн, шинж тэмдэггүй нян тээгч байдаг. Энэ халдварын үүсгэгч нь халуун, дулааны ялимгүй өөрчлөлт, халдваргүйтгэлийн бодисын нөлөөнд амархан идэвхгүйждэг, хүний биеийн хамар залгиурт 2-8 хоног, тасалгааны хэмд 1-3 цаг амьдрах чадвартай байдаг. Иймээс гэр бүлийн гишүүд, ялангуяа хүүхдийг амны хөндий, хоолойг цэвэршүүлэх аргад сургаж, хэвшүүлэх, хамар хоолойн цочмог болон архаг үрэвсэлт өвчтэй хүн байвал бүрэн эмчлүүлж, эдгээх, хүүхдийн дархлааг сайжруулах, амин дэмтэй хоол унд хэрэглэх, улиралд тохируулан дулаан хувцаслах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.  Насанд хүрэгчдийн дунд эрүүл нян тээгч их байдаг. Тиймээс хоолойгоо эрүүлжүүлэх, хоолой нь өвдсөн тохиолдолд заавал бүрэн эмчлэх, хоолойгоо зайлах зэрэг арга хэмжээнүүдийг авна. Мөн амьсгалын замын бусад өвчлөл шиг гараа сайн угаах, маск зүүх, биеийн дархлаагаа дэмжих зэргээр урьдчилан сэргийлж болно.

-Энэхүү өвчнөөр өвдөх эрсдэлтэй бүлэгт ямар хүмүүс ордог вэ?

-Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь орчим нь хүүхэд байдаг. Тэр дотроо 0-2 нас хүртэлх хүүхдүүд өндөр хувь эзэлдэг.

Хүүхдүүдэд хэн халдвар тараадаг вэ гэхээр насанд хүрэгчид тараадаг.

Насанд хүрэгчдийн залгиурт байгаа нянгийн тоо өөрт нь өвчлөл үүсгэх хэмжээнд хүрдэггүй. Гэтэл тэр нян хүүхдэд орохоор өвчлөл үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Бага насны хүүхдийг амнаасаа хооллохгүй байх шаардлагатай. Амны хөндийд байгаа бүх нянгаа хүүхдэдээ л өгч байна гэсэн үг. Насанд хүрэгчдийн амны хөндийд байх нян танд өвчин үүсгэхгүй ч хүүхдэд шууд өвчин үүсгэдэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Амнаас ам дамжуулахгүй байх, хүүхдийн аман дээр үнсэхгүй байх, олон хүнд бага насны хүүхдээ үнсүүлэхгүй байх, олон нийтийн газраар явахдаа маск зүүх, хэрэв хоолой нь өвдсөн ханиадны шинж тэмдэгтэй бол бага насны хүүхэд үнсэхгүй байх, бага насны хүүхэдтэй бол олон хүнд битгий үнсүүл гэх мэт зөвлөгөөг өгмөөр байна. Мөн дээрээс нь хүүхдүүдийнхээ дархлааг маш сайн дэмж. Томуугийн тохиолдол яг одоогоор өндөр байна. Томуугаар өвдсөн хүүхэд менингококкт халдварт өртөх эрсдэл 2-3 дахин өндөр байдаг. Тэгэхээр хүүхэд нь томуугаар өвдсөн бол аль болох дархлааг дэмжих арга хэмжээг авах нь зүйтэй.

-Менингококт халдварт өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Огцом өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, хоолонд дургүй болох, хурц гэрэл, дуу чимээнд цочромтгой мэдрэг болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тууралт нь ихэвчлэн доод үе мөчөөс эхлэн гардаг. Тууралт дээшлэх тусам хүндэрч байгааг илтгэдэг. Эцэг эхчүүд хүүхдийг халуурах үед халууныг бууруулах арга хэмжээ аваад тууралт гарсныг анзаарахгүй байснаар өвчнийг хүндрүүлэх тохиолдол бий. Тиймээс огцом өндөр халуурч байвал хүүхдэд  тууралт гарсан эсэхийг нягтлах нь чухал юм.

-Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед эцэг эхчүүд хаана хандах вэ?

-Энэ өвчний үед заавал эмнэлгийн байгууллагад хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. 38-39 хэм хүртэл халуурдаг. Бага насны хүүхдүүдийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед иргэд томуутай андуурч эрүүл мэндийн байгууллагад хандахгүйгээр өөрсдөө эмчилгээ хийх зэрэг нь хүндрэх гол шалтгаан болдог. Тиймээс таны хүүхэд цочмог өндөр халуурч, биеэр нь тууралт гарсан бол хамгийн эхэнд нэн яаралтай хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад очин эмчийн зөвлөгөө аван зааврын дагуу эмчилгээ хийх сэрэмжлүүлгийг хүргэмээр байна. 0-5 насны хүүхдүүд уг халдвараар өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг учраас цаг алдалгүй эмнэлэгт хандах нь чухал. Манай эрүүл мэндийн байгууллага харьяалал харгалзахгүйгээр тухайн хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

-Хүүхдийнхээ дархлааг яаж дэмжих вэ?

-Витамин өгөхөөс илүүтэй халуун бүлээн цай, хоол өгөх, сайн унтуулж амраах, хүүхдэд тохирсон биеийн хөдөлгөөнийг хийлгэж байвал дархлаа сайжирна. Гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн тусдаа аягатай байх, сойзоо хольж хэрэглэхгүй байх зэрэг наад захын хэрэгцээ шаардлагууд бий. Менингококкт халдвар нь халуун амын халдвар байдаг учраас нүүр гарын алчуураа хүртэл тусдаа байлгах шаардлагатай.

Халуун бүлээн цай хоол иддэг хүүхдүүд хүйтэн зүйл ууж иддэг хүүхдийг бодвол амьсгалын замын халдвараар өвдөх эрсдэл бага байдаг.

Хүйтний улирлын амьсгалын замын өвчлөлийн дэгдэлтийн үед хүүхдэдээ аль болох халуун бүлээн зүйл уулгаж, идүүлж байхыг зөвлөе. Хоолойны өвчин маш амархан өөрчлөгддөг. Өөрчлөгдсөн л бол хоолойны залгиурт байгаа нянгийн цаана цэвэршүүлэлт явагдаж байдаг. Тэгэхээр орчин нь өөрчлөгдөж, халуун юм хүлээн авах чадвар нь өөрчлөгддөг гэсэн үг. Мөн хоолойгоо байнга зайлж байх шаардлагатай. Зайлахдаа давсны, содын, тамедины уусмал зэргээр зайлж болно. Тэр уусмалаа 10 хоног тутамд сольж байх шаардлагатай. Яагаад гэвэл дасал үүсдэг. Тиймээс 10 хоног тутамдаа солиорой. Мөн хоолондоо саримс сайн хэрэглээрэй. Саримс нь антиоксидант буюу үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг учраас хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *