“Иргэд галт зэвсгээ үлдсэн 14 хоногт амжиж бүртгүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ”
Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх мөн “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Гансүхээс тодрууллаа.
– Галт зэвсгийг ямар шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд эзэмшдэг вэ? Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах ёстой вэ?
– Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, заавал зөвшөөрөл авна.
Учир нь Галт зэвсгийн тухай хуулиар галт зэвсгийн гэрчилгээ авснаар өмчлөх эрхтэй болно гэж тусгасан байдаг.
– Дэлгүүрээс болон, хувь хүнээс галт зэвсэг худалдан авсан тохиолдолд хэрхэн, хаана бүртгүүлэх, шилжүүлэх талаар дэлгэрэнгүй хэлж өгөхгүй юу?
– Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан нийслэлд оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт оршин суух иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.
Иргэн нь өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно. Гэхдээ галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас авсан бол холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй.
Иргэд хоорондоо галт зэвсгээ алан хэлэлцээр болон бичгийн гэрээ хийж нэгэндээ өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруй цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлээрэй гэж уриалмаар байна.
– Та түрүүн сургалтад хамрагддаг гэж хэлсэн. Тэгэхээр тухайн сургалт нь хаана, хэд хоногийн хугацаатай үргэлжилдэг вэ?
– Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөөг батлан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв дээр зохион байгуулдаг. Тус сургалт нь хоёр хоногийн хугацаатай зохион байгуулагддаг.
Сургалтын эхний өдөр галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд маань ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах гэх мэт эрх зүйн талаас нь онолын мэдлэг олгодог.
Хоёр дахь өдөр практик сургалт буюу галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог.
Иргэд ургалтад хамрагдах хүсэлтээ байгаа бол сургалтын төвийн 70190092 дугаарын утсаар бүртгэл хийлгэж, сургалтад хамрагдах боломжтой юм.
– Эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэсэн шаардлагад сэтгэцийн эрүүл мэндээс гадна өөр ямар шалгуур тавигддаг вэ?
– Тийм, жолооч болж байгаа хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг шүү дээ. Түүнтэй л адил галт зэвсэг эзэмших гэж байгаа иргэн маань эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тодорхой төрлийн шаардлага хангасан байх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл сэтгэц, мэдрэлийн зүгээс эрүүл байна уу, мөн хараа зүйн буюу харах, сонсох эрхтэн, хоёр гарын хуруу зэрэг биеийн эрхтэн тогтолцооны зүгээс тодорхой шаардлага хангасан байх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал гэхээр иргэд зөвхөн сэтгэц, мэдрэл гэсэн талаас нь харах буруу ойлголттой байдаг.
Эрүүл мэндийн үзлэгийн тухайд орон нутгийн иргэд аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төв эмнэлэгт, Нийслэл хотын иргэд оршин суугаа харьяаллынхаа дагуу дүүргийнхээ нэгдсэн төв эмнэлэгт очиж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017.03.16-ны өдрийн А/33 дугаар тушаалаар баталсан хуудасны дагуу үзлэгт хамрагдана. Түүнээс биш аль нэг хувийн эмнэлэг, амбулаторид хамрагддаггүй гэдгийг анхаараарай.
– Сүүлийн үед гарч буй галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргүүд ихэвчлэн ямар шалтгаан нөхцөлөөс үйлдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшдэг галт зэвсгийг хэрхэн хадгалах ёстой байдаг вэ?
– Галт зэвсэгтэй холбоотой, галт зэвсгээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлүүд нь ихэвчлэн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, гол шалтгаан, нөхцөл нь галт зэвсгийг буруу хадгалснаас, буруу тээвэрлэснээс үүдэлтэй. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах ёстой.
Цагдаагийн байгууллагаас, галт зэвсгийн аюулгүй ажиллагаа, хадгалалт, хамгаалалтыг холбогдох сургалтаар хамгийн түрүүлж заадаг. Энэ талаар ч нийтэд мэдээллийг тогтмол хүргэсээр ирсэн. Хэрвээ энэ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаад буу, замаг хоёрыг тусад нь хадгална.
– Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг эзэмшдэг иргэн, аж ахуй нэгжид хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?
– Галт зэвсгийг Иргэний, Харуул хамгаалалтын, Хууль сахиулах, Байлдааны гэж дөрвөн төрөлд ангилдаг. Үүнээс иргэний зориулалттай галт зэвсгийг иргэн хүн эзэмших эрхтэй гэж хуулиар зохицуулсан. Иргэний галт зэвсгийг мөн дотор нь зориулалтаар нь ангийн, спорт сургалтын, үзмэр цуглуулгын зориулалттай гэж ангилдаг.
Иргэн, хуулийн этгээд нь өөрсдийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй галт зэвсгээ зориулалтынх нь дагуу ашиглаж байгаа эсэх аюулгүй байдлыг ханган хэрхэн хадгалж байгаа болон тээвэрлэлт хийхдээ галт зэвсгийн тухай хуульд заасан журмын дагуу тээвэрлэж байгаа эсэх дээр тогтмол хяналт тавьж, тодорхой төрлийн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.
– “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй онцлог ажлын талаар дурдвал?
– Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна.
Энэхүү арга хэмжээ нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг.
– Иргэд тооллогод хэр идэвхтэй хамрагдаж байна вэ. Заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?
– Энэ оны галт зэвсгийн тооллогын ажлыг эхний гурван долоо хоногийн байдлаар авч үзвэл улсын хэмжээнд 47 хувьтай байна.
Одоо 14 хоног үлдэж байгаа тул иргэд үлдсэн хугацаанд галт зэвсгийн тооллогод илүү идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.
– Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар